УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 19-22-ны өдөр ОХУ-д айлчиллаа. Айлчлалын хүрээнд “Роснефть”-ийн захирал И.Сечинтэй уулзаж "Шатахууны нийлүүлэлтийг нэмж, нөөцлөх, үнийг тогтвортой байлгах"-аар тохиролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл айлчлалын үр дүнгийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатараас тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр "Монгол Улсын Их хурал, ОХУ-ын Холбооны хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ асуудлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд хэлэлцэж байсан. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй харилцан тохиролцож, санаачлан хэлэлцсэнээр энэ үйл ажиллагааны зохицуулалтын баримт бичгийг боловсруулсан. Парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг нь олон улсад түгээмэл байдаг бөгөөд ОХУ-ын Холбооны хурал Вьетнам улстай харилцаагаа амжилттай хөгжүүлж байгаа жишээ байна.
Мөн Европын болон төв Азийн улсуудтай энэхүү практикийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлага дээр үндэслэн энэхүү санаачилга гарсан.
Энэхүү баримт бичигт гарын үсэг зурж баталгаажсанаар хоёр улсын бүх талын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд парламентын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, тээвэр, шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал болон бусад салбарыг оролцуулан харилцан сонирхсон асуудлаар парламент хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах юм.
Мөн айлчлалын үеэр "Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Ирэх найм, есдүгээр сард нефти бүтээгдэхүүн тасрах эрсдэлтэй байсныг хамтарсан мэдэгдлээр зохицууллаа. Ингэснээр нефти бүтээгдэхүүний хангамж тогтвортой, найдвартай байх, нийлүүлэх, цаашид дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн тохиолдолд үнийг нэмэгдүүлэхгүй байх, долоон хувиар хямдруулсан жишиг дээрээ тогтвортой байх, үнийг бууруулахад идэвх санаачилгатай байхад тохиролцож, хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүн тэр дундаа мах, арьс шир, ноос ноолуур, ноолууран бүтээгдэхүүн зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг тарифын болон тарифын бус саадгүйгээр ОХУ-д экспортлох, энэ боломжийг судалж, хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг хоёр талаас гаргахаар боллоо. Энэ хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулах замаар шийдвэрлэж, экспортыг нэмэгдүүлж, худалдааны алдагдлыг бууруулахад чиглэсэн бодит ахиц гаргахаар зорилт дэвшүүлж, тохиролцлоо. Түүнчлэн айлчлалын үеэр олон жил яригдсан "Улаанбаатар төмөр зам"-ын их өрийн асуудал эцэслэн шийдвэрлэж, талууд Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 240 тэрбум төгрөгийн зээл дарагдлаа. Ингэснээр төмөр замын шинэчлэлийг хэрэгжүүлэх хөдлөх бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх, дүрмийн санг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн нь маш чухал асуудал байлаа. Манай улс шиг далайд гарцгүй улсад төмөр замын тээвэр чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч цаашид транзит тээврийн ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, баруун болон зүүд босоо тэнхлэгийн төмөр замуудыг барьж байгуулах энэ бүх тээг саатууд арилж байна гэж ойлгож болно" гэлээ.
Мөн тэрбээр "Хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд буюу наймдугаар сарын эхний хагаст хуралдуулж, бодит үр дүн гаргахаар тохиролсон. Бид нефти бүтээгдэхүүнийг оролцуулахгүйгээр манай улсын худалдааны тэнцэлийг ашигтай, аль болох бага алдагдалтай болгож эдийн засгаа солонгоруулахад анхаарч ажиллах юм" гэдгийг онцоллоо.