Засгийн газраас “Боловсролын ерөнхий хууль”-д өөрчлөлт оруулж, “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн заалтыг нэмж УИХ-д өргөн барьсан. Товчхондоо, хууль батлагдвал манай хоёрдогч хэл бол англи хэл болно гэсэн үг юм. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан энэхүү хуулийг сайд нар нь эсэргүүцэж, УИХ дээр унагахаар ажиллаж эхлээд байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн заалтыг хасах санал гарсныг Боловсролын сайд Л.Энх-амгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжлийн сайд Н.Учрал нарын Засгийн газрын гишүүд дэмжсэн анхаарал татаж байгаа юм. Харин үүний ард хувь гишүүний байр суурь биш “далдын нэг том хүч” үйлчилж байгаа нь тодорхой байгаа. Иймд бид энэ асуудлыг олон талын эх сурвалжуудаас тодруулахад “Англи хэлийг хуульчлах заалт Оросын шууд эсэргүүцэлтэй тулгарсан” гэсэн ганц хариултыг бүх талын эх сурвалжууд хэлж байлаа.
-АНГЛИ ХЭЛИЙГ ЗААВАЛ СУДЛАХ ГАДААД ХЭЛ ГЭЖ ХУУЛЬЧИЛБАЛ ОРОСУУД ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ ЗОГСООНО ГЭЖ ДАРАМТАЛЖЭЭ-
Тодруулбал, ОХУ нь өөрийн хуульдаа “Орос үндэстний хоёрдогч хэл нь англи хэл байна” гэж заасан байдаг хэрнэ манай улсын дотоод асуудалд ийнхүү оролцож, “Монгол Улс хэрэв англи хэлийг хоёрдогч хэлээ болгон хуульчилбал ирэх наймдугаар сард дизелийн түлшний нийлүүлэлтийн 50 хувиа зогсоож, есдүгээр сард бүгдийг нь зогсооно гэсэн шахалтыг үзүүлсэн ч байж болзошгүй” байгаа талаар эх сурвалжууд ярьж байна. Учир найм, есдүгээр сар бол манай улсын ургац хураах улирал юм.
Мөн Оросын элчин сайд асан И.Азизов ч энэ асуудлыг мэдмэгцээ Боловсролын яамны зарим хүмүүстэй уулзаж, “Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл хэмээн Боловсролын багц хуульдаа оруулж болохгүй. Үүнийг ОХУ эсэргүүцэж байна. Хэрвээ тус заалтыг хуульчилж өгвөл шатахуунаа литр тутмыг нь 10 мянган төгрөгөөр худалдаж авах эрсдэлтэй тулна шүү” хэмээн сүрдүүлж байсан байдаг.
Товчхондоо, энэ бүхэн бол монголчуудад “англи хэл бол хоёрдогч хэл” гэсэн үзэл санаа, үнэт зүйлийг оросууд суулгахыг хүсэхгүй байна гэсэн үг. Харин УИХ-д хэт олон суудалтай МАН оросуудын шахалтад оржөөрсдөө өргөн барьсан хуулиа өөрсдөө эсэргүүцээд эхэлсэн юм байна.
Үнэндээ, англи хэлийг заавал судлах гадаад хэл хэмээн өдөөгий хүртэл хуульчлаагүй улмаас хүүхдүүд энэ хэлийг тэгш сурч чадахгүй байгаа. Үүний нэг илрэл нь англи хэл дээр хичээл нь ордог хувийн сургуулийн сурагчид гадаадын их дээд сургуульд суралцаж байхад, улсын сургуулийн сурагчид энэ хэмжээнд хүрэхгүй байгаа нь нэг илрэл. Харин хуульчлаад өгөхөөр англи хэлийг төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр тэгш сургана гэсэн үг.
-ОРОС-IV СУРГУУЛИЙГ ХОТЫНХОО ЗАХАД БАРИХ ГЭЛЭЭ ХЭМЭЭН ОРОСУУД ДУРГҮЙЦСЭН ТУЛ АЖИЛ НЬ ХОЙШИЛЖЭЭ-
Гэтэл Монгол Улсыг англи хэлийг хуульчлахыг ОХУ эсэргүүцэж байгаа хэрнэ “Орос сургуулийг хотынхоо захад Сонгинохайрхан дүүрэгт барих гэлээ” хэмээн дургүйцлээ манай зарим албан тушаалтнуудад гаргасан аж.
Тодруулбал, Орос Монголын хамтарсан сургуулийг байгуулах тухай Монголын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Оросын Гэгээрлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2020 оны 12 дугаар сард байгуулсан байдаг. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааны үеэр Орос сургууль барих ажлыг шуурхайлахаар Шадар сайд С.Амарсайхан нар тогтсон гэдэг.
Ингээд Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн 9 дүгээр сургууль болон 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн аль нэгийг “Орос-Монголын хамтарсан дөрөвдүгээр” сургууль болгохоор танилцуулсан байдаг. Гэтэл Англи, Америк сургуулийг хотынхоо төвд байгуулсан атал Орос сургуулийг хотынхоо захад барих гэлээ хэмээн оросууд дургүйцсэн тул сургууль байгуулах ажил түр хойшлоод байгаа ажээ.
Эцэст нь хэлэхэд, Монгол бол парламентын засаглалтай улс. Иймд “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн заалт хууль болон батлагдах эсэх Орос биш УИХ-ын гишүүдийн олонхын саналаар шийдэгдэнэ.