УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкын урилгаар энэ сарын 18-22 ны өдрүүдэд Орост ажлын айлчлал хийж байна. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Бямбацогт болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ ХНН/-ийн удирдлагууд багтаад байгаа юм.
Харин бусад оронд болдог айлчлалтай харьцуулбал маш бага хүний бүрэлдэхүүнтэй яваа Г.Занданшатар даргын ОХУ-д хийж буй айлчлалыг, “Украинд дайн өдөөсөн Оросоос бүгд зайгаа барьж байна” гэж дүгнэх хэсэг байгаа бол, гадаад харилцаа хурцадмал байгаа энэ үед ОХУ-д айлчлал шаардлага байхгүй гэж үзэх иргэд ч олон байна.
Харин айлчлалын үеэр ямар яриа хэлэлцээ болох нь тодорхойгүй байгаа бөгөөд ямартай ч гадаад улстай Монгол Улсаа төлөөлж гэрээнд гарын үсэг зурах эрх мэдэлтэй албан тушаалтан нь УИХ-ын дарга Г.Занданшатар биш. Харин гаднын улстай улсаа төлөөлж гэрээнд гарын үсэг зураг эрхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд гэсэн гурван хүнд л хуулиар олгосон байдаг.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын Орост хийж байгаа айлчлалын бүрэлдэхүүнд УБТЗ ХНН-ийн удирдлагууд багтаж яваа нь учиртай аж. Тодруулбал, УБТЗ ХНН-ийн Японоос авсан монп-1, монп-2 өрийг тэглэх асуудал Г.Занданшатар даргын айлчлалын үеэр яригдах аж.
Сонирхуулахад, Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулах зорилгоор авсан монп-1, монп-2 хөнгөлөлттэй зээлүүдийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцсон гэсэн асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэхээр Засгийн газраас хандсан байдаг. Энэ дагуу ч УИХ-ын тогтоол гаргасан байдаг.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн 1998 онд Японоос авсан монп-1, монп-2 өрийг тэглэх, мөн Оросын тал хариуцсан өрөндөө вагоны таван зүтгүүр өгөхөөр болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.