Isee.mn мэдээллийн сайт Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад эргүүлэн төлөөгүй улстөрчид болон бусад албан тушаалтнуудын мэдээллийг баримтаар хүргэсээр байна. Бид өмнөх дугаартаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хотын дарга асан С.Батболд, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Т.Аубакир, АН-ын дарга Л.Гантөмөр зэрэг олон албан тушаалтны аж, ахуй нэгж тус сангаас зээл авсан ч эргүүлэн төлөөгүй баримтыг хүргэсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж унших.Энэ удаад мөн баримтыг үргэлжлүүлж байна.
- Тодруулбал, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхбаатарын төрсөн ах А.Энхболдын Мангирт трейд ХХК нь 2015 онд 61,931,303 саяыг, 2022 онд 9,169,000 сая төгрөгийг тус тус зээлсэн байна. Уг зээлийг 2020 болон 2022 онд төлж дуусгах ёстой ч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн зээлийг төлөөгүй аж. Тэд техник, шатахуунаар зээлээ авч байжээ.
- Мөн МАН-ын нарийн бичгийн дарга асан, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энхийн төрсөн ах, УИХ-ын гишүүн асан Симба хочит Ц.Батаагийн хамаарал бүхий Манхтай трейд ХХК нь 105,800,129 төгрөгийн өртэй байна. Манхтай трейд ХХК-ийн захирлаар өдгөө Ц.Батаагийн эхнэр Б.Сэлэнгэ ажилладаг байна.
- Цаашлаад "Эко буудай ХХК" нь тус санд 458,608,782 сая төгрөгийн өртэй аж. Тус аж ахуйн нэгжийн 10 хувийг эзэмшигч Д.Хөххад нь "Эм и си бродер" ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Л.Цогтой хамтран эзэмшдэг. Тус компанийн тухайд 458 сая төгрөгийн өртэй гэх мэдээлэл бидэнд олдсон бөгөөд уг мэдээллийг shilen.gov.mn мэдээллийн сайт дэхь мэдээлэлтэй тулгахад тус компанийг 130 гаруй сая төгрөгийн өртэй гэсэн байна. Тус компани 2017 онд 96 сая, 2015 онд 26 сая төгрөгийн зээлийг тус, тус авсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн зээлээ төлөөгүй тухай талаар shilen.gov.mn хаягт бичжээ.
Сангуудын зээлийн мэдээлэл ил болсонтой зэрэгцэн нэг зүйл тодорхой болсон нь улстөрчид хэзээ ч өөрийн нэр дээр аж, ахуй нэгж, компанитай байдаггүй. Харин тэдний найз нөхөд, ах дүү, хамаатан садны хүний нэр дээр компани нь бүртгэлтэй байх бөгөөд түүгээрээ мөнгө, бизнесээ эргэлдүүлэг байх магадлалтай нь харагдаж буй. Энэ удаад ч тус хамаарал харагдаж байна.