Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлээр БНХАУ-д айлчилна. Тодруулбал, түүний айлчлал энэ сарын 26 /2023.06.26/-ны өдөр эхлэх төлөвтэй байгаа юм. Тус айлчлалаар манай нүүрсний экспортын асуудал яригдахаас гадна Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмодны боомтыг холбосон төмөр замын холболтын цэгийг тохирох асуудлыг хөндөнө гэх мэдээлэл байна.
Энэ ч үүднээс Ерөнхий сайдын айлчлалын өмнө БНХАУ, Монгол Улсын тээврийн сайд нар уулзлаа.
Энэ үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих гүйцэтгэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгааг дурджээ. Түүнчлэн Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-3, АН-4 чиглэлийн авто замаар ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг манай талаас хүссэн байна.
Дашрамд дурдахад сүүлийн арав гаруй жил Монгол Хятад хоёр орны хооронд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд цөөнгүй болж байсан ч айлчлалаар яригдсан, харилцан амласан зарим асуудлууд тодорхой үр дүнд хүрэлгүй хэрэгжилт нь удааширч байсан гашуун сургамжийг давтахгүй байхад талууд онцгой анхаарч байгаа аж. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал хоёр талын худалдаа эдийн засаг, зам тээврийн харилцааг шинэ шатанд гаргаж дорвитой ахиц гаргана гэсэн хүлээлт өндөр байна.