"Гладиатор 2" киноны зураг авалтын үеэр дэлбэрэлт болж, хүмүүс шархаджээ

"Гладиатор 2" киноны зураг авалтын үеэр дэлбэрэлт болж, хүмүүс шархаджээ

Холливүүдийн алдарт Гладиатор киноны үргэлжлэлийг бүтээж буй уран бүтээлчид зураг авалтын үеэр осолджээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Их Британийн “The Sun” сэтгүүлд нийтэлснээр Морокко улсын нутагт тулаант үзэгдлийн зураг авах үеэр дэлбэрэлт болж, зургаан хүн шархадсан гэжээ. Тэгвэл киног бүтээж буй Парамаунт Пикчерс студиэс өчигдөр /2023.06.11/ гаргасан мэдэгдэлдээ, “Дэлбэрэлт болсон нь үнэн. Зураг авалтын талбайд аюулгүй байдал, эмнэлгийн үйлчилгээний баг хурдан шуурхай ажилласны үр дүнд дэлбэрэлтэнд өртсөн хүмүүст шаардлагатай тусламжийг түргэн шуурхай үзүүлсэн. Бид урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсны дараа киноны зураг авалтыг үргэлжлүүлэх болно” гэлээ.

Сонирхуулахад, түүхэн сэдэвтэй “Гладиатор” уран сайхны киног 2000 онд Ридли Скоттын найруулгаар үзэгчдэд анх хүргэж байсан бөгөөд хоёр дахь киногоо 2024 оны арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөж буй.

Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа хоёр дахь кинонд Пол Мескал, Дензел Вашингтон, Конни Ниэлсон зэрэг жүжигчид тоглож байгаа бөгөөд дэлбэрэлтэнд жүжигчид өртөөгүй гэж студийн зүгээс мэдээлсэн байна.