Өчигдөр өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр БНХАУ-ын иргэдийн олон тооны гадаад паспорт болон оршин суух үнэмлэхийг хилээр нэвтрүүлсэн талаар мэдээлэл цацагдсан.
Учир нь Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хятад иргэдийн олон тооны паспорт болон Монголд түр оршин суух үнэмлэх авч ирснийг Гаалийн ерөнхий газраас илрүүлсэн мэдээлэл анхлан гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.
Тэгвэл их хэмжээний хятад иргэдийн илэрсэн бичиг баримт нь нутаг буцсан 75 иргэний бичиг баримт байсан аж. Харин урьж ажил хийлгэсэн байгууллагаас бичиг баримт дээр нь албан ёсоор хасалт хийлгэсэн байна.
Энэ талаар Гадаадын иргэн харъяатын газраас мэдээллэхдээ: Тухайн хятад иргэдийн паспорт бичиг баримтыг шалгаж үзэхэд “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу манай байгууллагаас “HG “буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд байсан аж. Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүрмөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу эдгээр иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж орж ирэхгүй учраас дээрх хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийлгэж, оршин суух үнэмлэхийг нь хууралгахаар “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан бичиг баримтуудыг оруулж ирсэн асуудал байгаа юм. Өнөөдөр тэмдэглэгээг хийж, түр үнэмлэхүүдийг хураан авлаа" гэсэн мэдээллийг өгсөн билээ.
Эдгээр баримт бичгийн тоог дурдвал 75 хятад иргэний гадаад паспорт болон Монголд түр оршин суух 75 үнэмлэх байжээ.