БАРИМТ: ХААДС-аас сүмогийн их аварга Д.Дагвадорж 99 саяыг, Г.Байгалмаагийн дүүгийн компани 59 сая төгрөг авсан ч ЭРГҮҮЛЭН ТӨЛӨӨГҮЙ байна

БАРИМТ: ХААДС-аас сүмогийн их аварга Д.Дагвадорж 99 саяыг, Г.Байгалмаагийн дүүгийн компани 59 сая төгрөг авсан ч ЭРГҮҮЛЭН ТӨЛӨӨГҮЙ байна

Isee.mn мэдээллийн сайт Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад эргүүлэн төлөөгүй улстөрчид болон бусад албан тушаалтнуудын мэдээллийг баримтаар хүргэсээр байна. Бид өмнөх дугаартаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хотын дарга асан С.Батболд, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Т.Аубакир, АН-ын дарга Л.Гантөмөр нарын хамаарал бүх аж, ахуй нэгж тус сангаас зээл авсан ч эргүүлэн төлөөгүй баримтыг хүргэсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж унших.

Харин энэ удаа Ардчилсан намыг засаглаж байх үед Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан, Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдон шалгагдаж буй Г.Байгалмаа болон Японы мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж түүний гэргий М.Отгонцэцэг, Хотын дарга, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нарын мэдээллийг хүргэх байна. Эдгээр хүмүүс нь мөн л Хөдөө аж, ахуйг дэмжих сангаас зээл аваад эргүүлэн төлөөгүй өртэй байна. Ташрамд дурдахад, Засгийн газрын тусгай сангуудын мэдээлэл ил болсон нь олон нийт албан тушаалтнуудаас ёс зүй, шударга ёсыг шаардах нэг том хөшүүрэг болов. 

-Г.БАЙГАЛМААГИЙН ТӨРСӨН ДҮҮГИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН "ШИЖИР ЦАГААН" ХХК АЛЬ 2013 ОНД ЗЭЭЛ АВСАН Ч ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР НЭГ Ч ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГЭЭГҮЙ БАЙНА -

Мэдээлэлдээ эргэн ороход, Г.Байгалмаагийн төрсөн дүү Г.Бавуудоржийн захирлаар нь ажиллаж байсан "Шижир цагаан" ХХК нь тус санд 59,648,000 төгрөгийн өртэй байна. Тус компани жимс, хүнсний ногооны хүлэмж барихаар аль 2013 онд зээл авчээ. Зээлээ 2018 онд төлөөд дууссан байх ёстой. Гэтэл ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ДУУСАХ ӨДРӨӨС ХОЙШ ТАВАН ЖИЛ ӨНГӨРСӨН АТАЛ нэг ч төгрөгийн өр төлбөрийг барагдуулаагүй байгаа нь анхаарал татаж байна. 

Мөн УИХ-ын гишүүн, Хотын дарга асан Ц.Батбаярын охины Б.Сэлэнгийн нэр дээр бүртгэлтэй "Юу Би Фүүд Монголиа" ХХК 83,050,830 төгрөгийн өртэй байна. Тус компани 2021 онд нийт 121,126,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2024 онд төлж дуусгахаас одоогоор ийм хэмжээний өр үлджээ. 

-Д.ДАГВАДОРЖИЙН ЭХНЭРИЙН КОМПАНИ 2017 ОНД 99 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН-

Харин сүмогийн их аварга Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэгийн захирлаар бүртгэлтэй "Монгол агро культур девелопмент групп" ХК 82,414,286 төгрөгийн өртэй аж. Тэд 2017 онд  99 сая төгрөгийн зээл авсан. Үүнээс арав гаруй сая төгрөгийн зээл төлөөд л түүнээс цааш огт төлөөгүй байна. Ташрамд дурдахад, Хотын дарга Д.Сумъяабазар нь дүүтэйгээ нэг бизнестэй. тэд бизнесээ элдэв хэл амнаас бултуулж М.Отгонцэцэгийн нэр дээр шилжүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл байдаг билээ.