Чөлөөт бөхийн тамирчид Чөлөөт бөхийн холбооны талаар өнөөдөр /2023.06.08/ мэдээлэл хийлээ.
МУГТ П.Орхон, "Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг шинэчилж, холбооны удирдлагуудаа солих хүсэлтэй байна. Холбооны шинэ Ерөнхийлөгч 2022 оны гуравдугаар сард ажлаа авсан. Гэвч ганц ч үйл ажиллагаанд тусалж дэмжиж оролцоогүй. Ганц хийсэн ажил нь мэргэжлийн зөвлөл гэж байгуулсан ч бас л учир дутагдалтай. Тамирчдыг бэлтгэлээ амар тайван хийх боломж нөхцлийг хангаж өгөх ёстой байтал визний асуудал хүртэл маш олон гардаг. Дотоодын тэмцээн уралдаан хүртэл үнэхээр чанаргүй болдог бөгөөд Чөлөөт бөхийн холбоо тамирчин багш нартайгаа ямар ч уялдаа холбоогүй ажилладаг. Бид гадагш олон улсын тэмцээнд явахдаа ч эмчгүй явдаг. Бие өвдөх бүрт гадаад эмч нарыг царайчилдаг гэсэн үг. Энэ тал дээр анхаарч өгөх хэрэгтэй байна.
Тогтолцоог өөрчилж, удирдах зөвлөл маань бидний төлөө, тамирчдынхаа төлөө ажилладаг шинэ холбоотой болмоор байна.
Мөн олон улсын тэмцээн урадаанд оролцохдоо үргэлж хувиасаа болон спортод дуртай сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр тэмцээн уралдааны санхүүгээ зохицуулдаг. Үргэлж хүний царай харж, царайчлах шаардлагатай болж байна. Зардал мөнгөний асуудлаас болж бид олон тэмцээнийг алгасаж байгаа" гэлээ.
МУГТ Т.Тулга, "Дэлхийн бөхийн холбоо дөрвөн жилийн төлөвлөгөөтэй ажилладаг. Манай холбоо ядаж жил жилээр төлөвлөгөө, тайлангаа гаргаад явах хэрэгтэй. Дэлхийн чансаатай тэмцээнүүдэд дор хаяж л зургаан сар бэлтгэл хийх ёстой. Гэтэл бидэнд сарын өмнө л мэдэгддэг. Гадаад дотоодын тэмцээнд явахад бидэнд ганц ч удаа эмч гаргаж өгч байгаагүй. Бид дусал тариагаа ч хүртэл өөрсдөө нэгэндээ хийдэг" гэлээ.
МУГТ Б.Болортуяа: Миний хувьд олимпын аваргаас хүрэл медаль хүртэхэд холбооноос 10 сая төгрөгийн эрхийн бичиг өгсөн ч одоог хүртэл мөнгийг нь олгоогүй. Шагнал урамшууллын мөнгөө байг гэхэд тэмцээнээс олсон мөнгийг бид хүртэх эрхтэй. Гэтэл холбоо хувьдаа завшиж, өр ширээ дараад явдаг. Бид өмнө нь нэгдэж мэдэгдэл хийгээгүйн шалтгаан нь тэмцээнээс хасаж, цалинг нь хасах зэрэг арга хэмжээ авдаг байсан тул бид энэ удаад маш их эрсдэл үүрч байгаа" гэсэн юм.