Гэрээсээ гараад олон сар сураггүй байсан иргэний цогцос нисэх онгоцны зурвасаас олджээ

Гэрээсээ гараад олон сар сураггүй байсан иргэний цогцос нисэх онгоцны зурвасаас олджээ

Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд байрлах Нисэх онгоцны зурвасаас нас бараад удсан хүний цогцос олджээ. Хэргийг тодруулбал, гэрээсээ гараад сураггүй хагас жил болсон 82 настай иргэн Б-гийн цогцос зурвасын хойш торон хашааны ард голын эргээс олдсон байна. Уг мэдээлэл иргэнээс цагдаагийн байгууллагад арван хоёрдугаар сарын 3-ны өдрийн 17 цагийн орчимд ирсэн бөгөөд цогцосноос зөвхөн яс л үлдсэн тухай дурджээ.

Хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд улаан хүрэн өнгийн дээл, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн гуталтай байсан ба толгойн хэсгийн зөөлөн эд идэгдсэн, гавлын яс ил гарсан, толгойн хэсэг зүүд доод хэсгээрээ салсан, гар болон хөлийн яс ил гарсан байдалтай нас бараад удсан байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

-ЦОГЦОС УДАЖ ЯС Л ҮЛДСЭН БАЙСАН УЧРААС ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ ЭСЭХИЙГ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ ГЭВ-

Мөн оршин суугаа хаягнаасаа өмнө нь нэг удаа алга болсон гэх мэдээллийн дагуу цагдаагийнхан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоож байсан аж. Харин дахин алга боллоо гэх мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд явуулж байсан ч олоогүй байсан юм байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст бүргэлжүүлэн шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхнийг нь тогтоох ажил явагдаж байгаа аж.

Эх сурвалжийн хэлж буйгаар, талийгаачийн цогцос нас бараад удсан бөгөөд цогцост шинжилгээ хийж гадны нөлөөтэй эсэхийг нь шалгах боломжгүй нөхцөл байдалтай байна. Учир нь цогцсын мах нь идэгдэж байхгүй болж улмаар яс үлдсэн байсан  учраас шинжилгээ авах боломжгүй гэв.