УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг. Тухайлбал, монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасаж, олон арван уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь тохиолдол гарч байгаа аж. Мөн Үндэсний их баяр наадамд уясан морь нь түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь цолны үнэлэмжийг бууруулж байгаа юм. Дээрх асуудлыг шийдвэрлэхээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Баттөмөр, Б.Саранчимэг нар өргөн мэдүүлжээ.
Хуулийн төсөлд дээрх асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтаас гадна унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хурдан морь унах нас, морь дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгажээ. Мөн өвөл, хавар болдог уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа жилийн тавдугаар сарын 1-нийг хүртэл шигшмэл, бүсийн хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг хориглохоор тусгасан байна. Гэхдээ зөвхөн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-нд “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон насны ангиллаар зохион байгуулахыг зөвшөөрөх аж.
Уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуулийн төсөл энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаад буй юм. Хуулийн төслийг энд дарж үзнэ үү.