УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Улсын дээд шүүхийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилохыг дэмжиж, энэ талаарх бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.
Б.Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991-1995 онд МУИС-д хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуульд Хууль зүйн ухааны магистр, 2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1995-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд тус сургуулийн багш, 2007-2013 онд ахлах багш, 2013-2017 онд Сургалтын албаны дарга, 2017 оноос дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ. Улсын дээд шүүхийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томилох Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм.