Хятадад үйлдвэрлэсэн зорчигч тээврийн С919 онгоц анхны нислэгээ амжилттай хийжээ. Бээжин чиглэлийн тус онгоц Шанхайн тэнгэрт хөөрч буйг ням гарагийн өглөө /2023.05.28/ Хятадын төрийн телевизээр харуулсан байна.
Уг онгоцыг Хятадын нисэхийн Comac корпораци үйлдвэрлэсэн бөгөөд Airbus болон Boeing зэрэг компаниудын онгоцны зах зээлийн ноёрхлыг арилгана гэж үзэж байгаа аж.
Гэвч Хятадын 164 хүний суудалтай уг онгоцны гол бүрэлдэхүүн хэсгүүд нь барууны компаниудаас ихээхэн хамааралтай хэвээр байна. Тухайлбал, хөдөлгүүрийг Франц Америкийн хамтарсан CFM Интернэшнл компани, авионик буюу агаарын хөлгийн радио электроник, навигацийн болон цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг Америкийн Collins Aerospace зэрэг компаниуд нийлүүлжээ. Шанхайгаас Бээжин рүү нисэхэд гурван цаг хүрэхгүй хугацаа зарцуулсан бөгөөд онгоцонд 130 иргэн зорчсон байна. Анхны нислэгийн зорчигчдын нэг Лю Пэн "Би эх орныхоо чадварт итгэдэг. С919 онгоц улам сайжирна гэдэгт итгэлтэй байна" гэж Ройтерс агентлагт ярьжээ. Төрийн дэмжлэгтэй China Eastern Airline компани одоогоор таван онгоц захиалаад байгаа аж.
Эх сурвалж: ВВС