Г.Оюунбилэг: Миний өвчин зовлон С.Чинзориг сайдын баяр баясал, тохуурхал болох ёсгүй

Г.Оюунбилэг: Миний өвчин зовлон С.Чинзориг сайдын баяр баясал, тохуурхал болох ёсгүй

ХНХЯ-ны харъяа “Монгол-Солонгосын политехник коллеж”-ийн захирлаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан Г.Оюунбилэг шүүхийн байгууллагад хандаж улмаар гурван шатны шүүхээс ажилдаа буцаж орох шийдвэр гарчээ. Ажилдаа орж чадалгүй хоёр жилийн нүүрийг үзэх хугацаандаа охиноо төрүүлж, бас биеийн байдал нь муудаж хүнд онош сонссон байна. Өвчтэй болсон гэх шалтгаанаар нь ХНХЯ-ны сайд С.Чинзориг “Шүүхийн шийдвэрийн дагуу чамайг албан тушаалд чинь тавьчихъя. Гэхдээ чи надад чөлөөлөгдөх өргөдлөө эхлээд бичээд өгчих” хэмээн ярьж, шахалт үзүүлэн ажилд нь оруулахгүй байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн тухайгаа ярилаа. 

-Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Миний бие Хөдөлмөрийн салбарт ажиллаж эхлээд 10 гаран жил болж байна. Анх Хөдөлмөрийн бирж үүсгэн байгууллагдахад л ажиллаж эхэлсэн.  Бүх хэлтэс газрын даргаар нь  ажиллаж байгаад Хөдөлмөрийн яаманд хэлтсийн даргаар дэвшин ажилласан. Дараа нь ХНХЯ-ны харъяа “Монгол-Солонгосын политехник коллеж”-ийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны эцэст өмнөх Засгийн үед ажиллаж байсан шалтгаанаар 10 гаруй МСҮТ, коллежийн захирлуудыг хомроглон халахад хэлмэгдэж ажлаасаа халагдсан. Ингээд шүүхэд хандаж гурван шатны буюу Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн шийдвэрээр “Хууль бус халагдсан тул ажилдаа буцаж орох, ажилгүй байсан хугацааны  цалинг олгох” тухай шийдвэр гарсан. Үүний дагуу би ХНХЯ-нд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж өгнө үү гэсэн хүсэлтийг  гаргаад жил зургаан сар өнгөрлөө. Харамсалтай нь одоо хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Ажлаас халагдсаныхаа дараа охиноо төрүүлсэн. Жирэмсэн байхдаа “Би ажилдаа ормоор байна, хүүхэд тээх төрүүлэх амралтуудыг хуулийн дагуу эдэлмээр авмаар байна” гэж ХНХЯ-ны сайд С.Чинзоригт хандаж байсан. Гэтэл энэ хүсэлтийг хүлээж аваагүй. Хүүхдээ төрүүлснээсээ хойш эрүүл байснаа саяхнаас бие өвдөж, эмнэлэгт хэвтэхэд “нойр булчирхай хавдартай” гэсэн таагүй онош сонсчихоод бүх үнэнээ хэлээд сайдад дахин хандсан юм. Энэ өвчин зовиур сэтгэл санаатай их холбоотой гэж сонссон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажилгүй, орлогогүй, хүнд байдалтай байлаа. Дээр нь хүнд онош сонсоод дэмжлэг хүсч хандахад сайд С.Чинзориг хүүхдээ тэвэрсэн эхийн сүү ээдтэл сэтгэлийг эмзэглүүлсэн үг хэлж өрөөндөө уйлуулж бах таваа хангалаа. Эмч болоод олон найз нөхдийн зөвлөснөөр энэ үед ажилдаа эргэж ороод, хамт олон дундаа очвол сэтгэл санааны том дэмжлэг болж тулгарсан хүнд бэрхийг даван туулахад тустай гэж бодоод сайдад итгэж бүх үнэнээ дэлгэсэн нь алдаа боллоо гэж бодож сууна.

-Ямар шалтгааны улмаас ажлаас тань халж байв?

-Шалтгаан нь сургуулийн 50 жилийн ойг тэмдэглэхэд багш сурагчдын нэгдсэн тоглолт зохион байгуулж тоглолтын тасалбар зарж борлуулан 10 гаруй сая төгрөгийг төвлөрүүлж ойг тэмдэглэсэний төлөө, мөн 2012 онд надыг очихоос гурван жилийн өмнө нэмэгдсэн цалинг Цалингийн жишгээс дээгүүр олгогдсон байна. Та 2015 онд ороод цалинг бууруулж хасах өнгөрсөн хугацааны илүү олголтыг хүн бүрээр төлүүлэх ёстой байсан гэж буруутгаад санхүүгийн их зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр “Төрийн албанд 10 жил буцаж орох эрхгүй”-гээр ажлаас халсан.  Ийм бусармаг үйлдлийг нь тэвчихийн аргагүй байсан учраас шүүхэд хандсан. Эцэст нь гурван шатны шүүхээс намайг буруугүй гэдгийг тогтоосон.

Шүүхийн шийдвэр биелэхгүй байгаа асуудал  бол зөвхөн миний асуудал ч биш. Увс аймгийн Политехник коллежийн захирал, Дарханы коллежийн захирлуудыг хууль бусаар халагдсаныг шүүх тогтоосон ч шүүхийн шийдвэр нь биелээгүй тэд цөхөртлөө явцгааж байгаа.

-Та хамгийн сүүлд хэзээ С.Чинзориг сайдад хандсан бэ, ямар хариу өгсөн бэ?  

-Уржигдар өөрөө уулзахаар дуудуулахад нь очсон. Миний бие өвдсөн эмнэлгийн асуудал байгааг сайд сонсоод ажлаас нь холдуулах боломж гарлаа гэж башир арга сэдсэнийг мэдээгүй очсон. Бүх асуудлаа ярихад, “За Оюунбилэгээ би чамайг ойлгож байна. Төрийн албаны зөвлөлөөс надад чамайг нь ажилд чинь буцааж оруулах шаардлага ирсэн. Би шүүхийн шийдвэр биелүүлээд чамайг албан тушаалд чинь тавьчихъя. Гэхдээ чи надад чөлөөлөгдөх өргөдлөө эхлээд бичээд өгчих. Би чиний оронд ажиллаж байгаа үүрэг гүйцэтгэгч н.Цэгмэдийг халвал Л.Энх-Амгалантай зөрчилдөх болчихоод байна. Эсвэл өөрөө Л.Энх-Амгалангаар зөвшөөрүүлээд ир гэсэн утгатай юм хэлээд араас нь “... ажилд орж яах гэсэн юм бэ, өвдсөн чинь үнэн юм уу нотлох бичиг баримт байгаа юу зэргээр асууж тохуурхсан. Би “Та яагаад надад ийм муухай хандаж байгаа юм бэ. “Ийм өвчний оношоор худал ярих шаардлагагүй шүү дээ гээд өөрийн эрхгүй уйлсан.” Би эмнэлгийн бүх бичиг баримтаа үзүүлсэн. Сайдын үг хандлага “Намайг үх гэж байгаатай адилхан сонсогдсон”. “Шүүхийн шийдвэр биелүүлсэн болгож ажилд чинь тавиад өгье, тэгээд өргөдлөө өгөөд гар” гэж болохгүй шүү дээ. Хөдөлмөрийн сайд нь хөдөлмөрийн хууль, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хүний эрхийг зөрчөөд сууж байна. Уг нь миний оронд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүнийг эхэлж чөлөөлж байж, намайг ажилд томилох асуудал яригдах ёстой. Гэтэл ажилд оруулахгүйгээр шууд чөлөөлөгдөхийг тулган шаардах нь зүй бус асуудал. Эх үрсийн баярын босгон дээр үрээ тэвэрсэн эх хүн намайг туйлын бүдүүлгээр доромжиллоо. Монгол Улсад хүн үрээ төрүүлэх эрхтэй, өвдөж шаналсан үедээ дэмжлэг авах эрхтэй гэдгийг энэ сайд үгүйсгэж байна. Ийм хүн “Эх үрсийн асуудал хариуцсан сайд байх ёс суртахууны эрх  байна уу.” 

-Таны биеийн байдал одоо хэр байна, эрүүл мэндийн тал дээр ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн үү?

-Үзүүлээгүй. Би ядаж шүүхийн шийдвэрээр надад олгох ёстой цалингаа нөхөж авмаар байна. Одоо Япон юм уу Солонгос явж илүү сайн шинжилгээ оношлогоонд орох хэрэгтэй байгаа. Намайг Монголд  маш хүнд хоёр хагалгаа хийлгэнэ гэж хэлсэн. 45-хан настай залуугаараа хүнд хагалгаанд ороод ямар нэгэн юм болчих юм биш биздээ гэсэн айдастай, сэтгэл санаа хямралтай байна. Харин С.Чинзориг сайд эсрэгээрээ ажлын байр сулрах нь гэж баярлаж байх шиг байна. Тийм ч учраас намайг ажилдаа оролгүйгээр чөлөөлөгд гэж тулган шаардаж, тохуурхлаа.

-Монгол-Солонгосын политехник коллежийн захирлаар одоо ажиллаж байгаа хүн ямар учиртай болоод сайд шүүхийн шийдвэр биелүүлж чадахгүй байгаа юм бэ?

-С.Чинзориг сайд болсныхоо дараа Л.Энх-Амгалангийн шахаасаар “Монгол-Солонгосын политехник коллеж”-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр н.Цэгмэд гэдэг хүнийг томилсон гэж сонссон. н.Цэгмэд энэ салбарт бүү хэл төрийн албанд  өмнө нь нэг хоног ч ажиллаж байгаагүй. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн сонгуулийн ажилд оролцож явсан хүн юм билээ. Хөвсгөл аймагт түүхий эдийн ченж, Солонгост хараар ажиллаж явсан гэж сонссон. Энэ бол дарга нарын цүнх барьж, сонгуулийн ажилд нь зүтгэсэн хүмүүс төрийн албанд ямар ч шалгуургүйгээр очдог болсны нэг жишээ.  

-ХНХЯ-ны сайд С.Чинзоригоос өөр төрийн албан тушаалтнуудад хандаж, хөөцөлдөж үзэв үү?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ХЗДХ-ийн сайд нарт бүгдэд нь хандаж, өргөдөл өгч үзсэн. Ерөнхий сайдад жирэмсэн байхаасаа эхлээд таван удаа хандлаа. Харамсалтай нь нэг ч хариу ирээгүй. Миний өргөдөл хаана хэвтэж байгаа бол бүү мэд. Харин Төрийн албаны зөвлөлд хандахад н.Баатарзориг гэдэг дарга “Тавдугаар сарын 31-ний дотор энэ хүний асуудлыг шийдэж, ажилд нь томил” гэсэн хариуг ХНХЯ-нд өгсөн юм билээ. Яам тэр шаардлагын хариуг яаж аргацаасныг мэдэхгүй юм. Монгол төрд ажилласан жирийн нэг Монгол эмэгтэйг хэлмэгдүүлж байна. Би дөнгөж сая ч гэсэн С.Чинзориг сайд руу мессеж бичээд сууж байна. “Та хөдөлмөрлөх эрх, чөлөө авах эрхэнд минь халдалгүй хуулийн дагуу ажилд минь оруулчих. Би сэтгэл санаагаар унасан хоёр жилээ анагааж, хамт олон дундаа орж, ажлаа эхлүүлчихээд, нэр төрөө цэвэрлээд гармаар байна. Хэрэв эмчилгээний зардал, хүлээж авах эмнэлэг тодорхой болсон үед би хуулийн дагуу эмнэлгийн чөлөөгөө авна” гэсэн. Хүн өвдсөн нь ажлаас чөлөөлөгдөх шалтгаан болох ёсгүй. Тэгээд ч өндөр хөгжилтэй улсын эмнэлгийн үйлчилгээг хүртээд хурдан эдгээд ирэх хүсэлтэй байна. Харин сайд надтай шууд салах ёс гүйцэтгэх гээд байх шиг болохоор нь би тэсэлгүй уйлсан. Миний өвчин зовлон энэ хүний баяр баясал, тохуурхал болох ёсгүй гэж бодож байна. Шууд үгээрээ хэлээгүй ч цаад санаагаараа “Чи үхэх юм чинь ажлаасаа халагд” гэж хэлсэн юм шиг л сонсогдсон.

-Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.