Домогт дуучин Тина Тернер 83 насандаа таалал төгслөө

Домогт дуучин Тина Тернер 83 насандаа таалал төгслөө

Рок-н роллын хатан хаан гэгддэг домогт дуучин Тина Тернер 83 насандаа таалал төгслөө.

Тэрбээр таалал төгсөхөөсөө өмнө хорт хавдар, цус харвалт, бөөрний дутагдал зэрэг хэд, хэдэн өвчнөөр шаналж байсан бөгөөд өвчинтэйгөө удаан тэмцсэний эцэст мягмар гарагт Швейцарын Цюрих хотын ойролцоо гэртээ амьсгал хураасныг менежер нь өчигдөр /2023.05.24/ мэдээллэв.

Тина Тернерийн The Best, What’s Love Got to Do With It болон хуучин нөхөр Ике Тернерийн хамт дуулсан Proud Mary, River Deep, Mountain High зэрэг дуунууд нь түүнийг алдрын оргилд хүрэх шатыг тавьсан билээ. Тэрээр 1978 онд нөхрөөсөө салж, 1980-аад оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвин Рок-н-роллын хатан болсон түүхтэй. Уран бүтээлийн замналынхаа турш дэлхий даяар 150 сая хувь цомог борлуулж, Грэмийн шагналыг 12 удаа хүртэж, 1991 онд Рок-н-Роллын алдрын танхимд нэрээ мөнхөлж байжээ.

Тернерийн ганган дэгжин хэрнээ эрч хүчтэй үзүүлбэр, сөөнгө бөгөөд хүчирхэг хоолой домог болон үлджээ. Дэлхийн сая, сая иргэн домогт дуучинд гүн эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл үзүүлж байна.

Т.Бямбажаргал




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө