Өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ тэр дундаа гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг сонсож ирсэн гишүүд өнөөдөр /2023.05.16/ тус, тус бүлгийн хурлынхаа үеэр тайлангаа тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
МАН-ын бүлэг сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зөв гэхдээ УИХ-ын 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг жагсаалтаар сонгох хувилбарыг далдхан ярилцсан байна. Цаашлаад УИХ-ын гишүүдийн тоог 152-оос бага буюу 126-д тогтохоор төлөвлөсөн бөгөөд эцэст нь ингэж шийдэх ажээ.
Яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентад суудалтай нам буюу АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржхандтай уулзаж, УИХ-ын гишүүдийн тоог хэд болгох асуудлаар санал зөвлөлдөж байгаа аж.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг дахин хуралдана. Харин АН-ын бүлэг мөн уг асуудлаар саналаа хайрцаглахаар Ц.Туваан гишүүний өрөөнд хуралдсан гэх мэдээлэл байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргахад намын дарга нарын байр, суурь нөлөөлөх бөгөөд дээр дурдсанчлан УИХ-ын гишүүдийн тоог 126, сонгуулийн 60:40 гэсэн холимог хувилбараар явуулахаар нэгэнт тогтоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ.