Боловсролын үнэлгээний төвөөс сургалтын байгууллага болон багшийн ажлын гүйцэтгэлийг шалгах зорилготой “Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт”-ыг энэ сарын 15-19 өдөр орон даяар зохион байгуулж байгаа юм.
ҮЗЭХ:
Тэгвэл энэхүү шалгалтад оролцох сурагчдыг "Заавал B2 харандаа ашигла" гэж заасан бөгөөд тус харандаа нь олдохгүй байгаагаас шалтгаалан эцэг, эхчүүдийн дунд бухимдал үүсээд байна. Тэгвэл уг асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Боловсролын яамны зүгээс заавал B2 харандаа хэрэглэ гэж тулган шаардаагүй. Шалгалтад оролцож буй 1-5 дугаар ангийн сурагчид уламжлалт бичгийн хэлбэрээр шалгалт өгнө. Харин 6-12 дугаар ангийн сурагчид хариултын хуудас бөглөж бид түүнийг нь машинаар засах юм. Машинаар засах тул заавал харандаагаар бөглөх ёстой. B2 харандаа болон түүнтэй дүйцэхүйц чанарын харандаа хэрэглэхийг зөвлөж байгаа. Зарим газар буруу ойлголт үүссэн бололтой. Эцэг, эхчүүд аль болох зөв талаас нь ойлгож, хүлээцтэй хандахыг хүсэж байна” гэж ярьсан юм.
Т.Бямбажаргал