ШУУРХАЙ МЭДЭЭ: Энэтхэг улсаас Төрийн ордонд хаяглан ирсэн захидалд УИХ-ын гишүүн хордсон уу

2019-12-03 10:58

Захидлыг анх задалсан УИХ-ын дарга Г.Занданшатарын туслах хорджээ

Өчигдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд ажил тарах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарт хэмээн хаяглан Энэтхэг улс /БНЭУ/-аас Төрийн ордонд захидал ирсэн байна. Тэрхүү захидлыг анхлан нээсэн УИХ-ын даргын туслах н.Хүрэлшатар хэмээх иргэнд дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна.

Иймд Төрийн ордонд "шуурхай" зарлаж холбогдох байгууллагад дуудлага мэдээлэл хүргүүлсэн байна. Урьдчилсан байдлаар химийн хортой захидал байж болзошгүй тул шинжлүүлэхээр Төрийн тусгай албанаас холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Химийн хүрээлэнд шилжүүлж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн хариу гараагүй байна гэв. 

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, албан бичгийг анхлан задалсан УИХ-ын дарга Г.Занданшатрын туслах хордсон. Мөн Төрийн ордны тусгай хамгаалалтын ажилтан хордлого авсан байж болзошгүй байгаа аж. Дээрх мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллэх боломжгүй гэдгийг холбогдох албанаас нь мэдэгдээд байна. Учир нь шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй мөн төдийгүй цааснаас өөр зүйл илрээгүй аж.

2019-12-03 09:41

ШУУРХАЙ МЭДЭЭ: Энэтхэг улсаас Төрийн ордонд хаяглан ирсэн захидалд УИХ-ын гишүүн хордсон уу

Өчигдөр орой Төрийн ордонд Тагнуул, Цагдаа, Мэргэжлийн хяналтын алба хаагчдыг түргэн авахуулсан үйл явдал болсон байна. 

Учир нь Энэтхэг улс /БНЭУ/-аас манай улсын УИХ-ын нэгэн гишүүнд хаяглаж ирсэн захидлын цаас “үхэлд хүргэж болзошгүй, химийн бодисын агууламжтай байсан" учир нэр бүхий УИХ-ын гишүүн хордсон тохиол гарсан байна. Ямартай ч тус дуудлага мэдээллийн дагуу Тагнуул, ЦЕГ, МХЕГ-ийн Химийн байцаагч, Цацрагийн улсын байцаагчид хэргийн газар очиж шуурхай ажиллажээ. 

Ингээд Тагнуулын Ерөнхий газрын албан хаагчид тус “захидлын цаас”-ыг Химийн хүрээлэнд шинжлүүлэх шаардлагатай гэсэн учир, зохих албаны хүмүүс тус газарт өчигдөр орой захидлыг хүргэж өгсөн, одоо шинжлүүлж байгаа ажээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус захидал УИХ-ын дарга Г.Занданшатарт хаягласан байсан гэсэн мэдээлэл байна /Жич: Албан бус мэдээлэл гэдэг нь албаны эх сурвалжийн тайлбараар баталгаажаагүй, худал байж болзошгүй мэдээлэл болно/. Мөн УИХ-ын гишүүний туслах хордсон гэсэн албан бус мэдээлэл ч байна.

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.