Нигерын иргэд манай улсад хуурамч компани байгуулж, гадны иргэдийг залилсан хэргийг ШҮҮЖ байна

Нигерын иргэд манай улсад хуурамч компани байгуулж, гадны иргэдийг залилсан хэргийг ШҮҮЖ байна

Сүүлийн үед манай улсын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэд хил дамнан хар тамхи зарж борлуулах, суртачилан бусдад хүчээр хэрэглүүлэх, цахим гэмт хэрэг үйлдэх, түүхийн үнэт олдворуудын хуурамчаар үйлдэн зарах, алт болон бусад түүхий эдийг зарах зэрэг олон төрлийн гэмт хэрэг үйлдэж цагдаагийн байгууллагад баригдсаар байгаа.

-МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР ГАДНЫ ИРГЭД ГЭМТ
ХЭРЭГ ҮЙЛДЭХ НЬ ИХ БАЙНА
-

Саяхан БНХАУ-ын иргэд манай улсад хуурамчаар түүхийн үнэт олдворыг дууриалган хийж улмаар гадны орнуудад зарж байгаад баригдсан байдаг. Харин Нигер улсын иргэд бүлэглэл байгуулан зохион байгуулалттайгаар хуурамч компани байгуулан их хэмжээний мөнгө залиласан хэргийг манай улсын нутагт үйлдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Уг хэрэг шүүхийн шатанд шийдэгдэхээр хуралдаж байна.

Тодруулбал, Өчигдөр буюу энэ сарын 29-ний өдрийн 11 цагаас эхлэн Холбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн Ejikeme Chimezie John, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Шүүх хуралдаан олон хүнд холбогдох хэрэг дээрээс нь орчуулагчтай орж байгаа учраас нэг өдрийн дотор шийдэгдэхгүй байх гэдгийг эх сурвалж тодруулж хэлсэн юм.

-БҮЛЭГЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАМААР МӨНГӨ
УГААХ ХЭРЭГТ БУРУУТГАЖЭЭ
-

Дээрх нэр дурдагдсан шүүгдэгчид бүлэглэн 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилсан гэх хэрэг үйлджээ. Тэд "Лонати СПА", "Делүксе мулти сервисес СРЛ" зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компаниас Итали улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог өөрсдийн байгуулсан "Делүксе мулти сервисес СРЛ" ХХК-ийн Голомт банк дахь еврогийн харилцах дансаар хүлээн авсан байна.

Тэдний үйлдсэн гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан, мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл ангид хамаарагдаж шалгагдаж улмаар шүүхийн шатанд ийнхүү иржээ.

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэж байна. Өнөө өглөөний байдлаар шүүх хурал үргэлжилсээр байна.