Арваннэгдүгээр сарын 16-нд хээр машин нь эвдрээд нэг нь тусламж дуудаад иртэл машинд үлдсэн нөгөө хүн нь сураггүй алга болсон. Эрэн хайх ажиллагааг долоо хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр зогсоогоод байсан.
Харин автомашин байсан газраас баруун урд зүгт 3 км-т иргэн Б-гийн цогцсыг жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд олжээ.
Хэргийн эргэн сануулбал, Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нарын зорчиж яваад автомашин нь эвдэрч зогсчээ.
Машин нь эвдэрсэн учир 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б-г /40 настай, эрэгтэй/ автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байжээ.
Хүн алга болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23:59 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Эрэн хайх ажиллагааг нийт долоон хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр арваннэгдүгээр сарын 24-ний 17:12 цагт зогсоогоод байсан юм.