Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан Д.Одбаярыг өөрийнх нь хүсэлтийн дагуу энэ сарын 22-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Харин Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хурал энэ сарын 29-ний өдөр буюу энэ долоо хоногийн Баасан гарагийн 11.00 цагт хуралдаж, цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр товложээ.
ҮХЦ-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэх, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байна.
Харин Цэцийн даргад Ш.Солонго, Н.Чинбат нарын цэцийн гишүүдийн нэр яригдаж байгаа ажээ. Учир нь цэцийн даргад яригдаж байсан Г.Баясгалан нэрээ татсан гэсэн мэдээлэл байна. “Цэцийн дарга”-ыг Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүний дунд санал хураалт явуулж сонгодог хуультай юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс эмэгтэй гишүүнээр цэцийн даргыг сонгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Харин УИХ-ын даргын зүгээс Г.Баясгаланг дэмжиж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.