“Дархан нутаг” ТББ-аас “Архигүй Дархан” хөтөлбөр зарлан, архины хамаарлаасаа гарахыг хүссэн Дарханы 500 иргэнийг Улаан-Үд хотод үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Энэ тухай болон тус хөтөлбөрийн хүрээнд зарласан архины эсрэг илтгэл, эссе бичлэг, гар зургийн уралдааны талаар өчигдөр тус байгууллагын тэргүүн Н.Мөнхдаш, Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэцэцэг, Б.Сугармаа нар болон "Амьдралын өөрчлөлт” ТББ-ын Тэргүүн Ариунболд нар мэдээлэл хийсэн байна.
“Дархан нутаг” ТББ-ын Тэргүүн Н.Мөнхдаш: Дархан нутаг ТББ нь байгуулагдаад 12 жил болж байна. Энэ хугацаанд Дарханчуудынхаа сайн сайхны төлөөх олон үйл ажиллагааг хийж ирсэн. Үүний нэг нь “Архигүй Дархан” хөтөлбөр юм. Хөтөлбөрийг эхлүүлэхээсээ өмнө бид жил гаруйн хугацаанд судалж, төлөвлөсөөр сар орчмын өмнөөс “Спортлог Дарханчууд” сагсан бөмбөгийн тэмцээнээр эхлүүлсэн. Дарханчууд маань их сайхан хүлээн авч, бидэнд хандаж байна. Мөн маш олон иргэд, байгууллагуудаас хамтран ажиллах санал ирүүлж байна.
Архийг хэтрүүлэн хэрэглэснээр хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж гуниг зовлонд хүргэсэн түүх олон. Нэг архинд хамааралтай болсон хүний ард хамгийн багадаа 10 хүн үр дагаврыг нь хүртэж, амьдрал нь тайван бус, стресстэй бас хүчирхийлэл дунд байдаг. Тиймээс бид ийм бэрхшээл дунд байгаа Дарханчууддаа хэрхэн туслах вэ хэмээн бодож, үр дүнтэй арга замыг жил гаруйн хугацаанд судалсны эцэст энэхүү эмчилгээг сонгосон юм. Үнэхээр үр дүнтэй болох нь өнгөрсөн хугацаанд батлагдсан. Би өнгөрөгч зургаадугаар сард 10 найзаа энэ эмчилгээнд хамруулсан юм. Одоогоор нэг нь ч дахин архи уугаагүй, маш үр дүнтэй болж, амьдрал нь тайван, гэр бүл нь аз жаргалтай сайхан байна. Тиймээс ерөөсөө энэ үйл ажиллагааг нээлттэй зарлаж, олон Дарханчуудаа хамруулъя хэмээн шийдсэн юм.
“Дархан нутаг” ТББ-аас зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааг, “Бурхан Халдун” группын хувьцаа эзэмшигч миний дөрвөн ах энэ жилийн ноогдол ашгаа авалгүйгээр санхүүжүүлж байгаа юм. Мөн ээж маань ч бас биднийг сайхан үйл хийж байна хэмээн дэмжиж, тэтгэврээсээ нэг сая төгрөгийг хандивлалаа.
Бидний архины эсрэг хийж буй энэ ажил зөвхөн “Архигүй Дархан” хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй. Цаашид ч архины хамааралд орсон Дарханчууддаа чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй байгаа. "Дархан Нутаг" ТББ-ын үйл ажиллагаа, бидний үүд хаалга үргэлж та бүхний өмнө нээлттэй, халуун дотно угтан авна. “Дархан Нутаг” ТББ Олон улсын худалдааны төвийн хажуу дахь Ардчиллын өргөөний 204 тоотод үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн "Архигүй Дархан" хөтөлбөрийн хүрээнд архины нөлөө, хор уршигийн талаар нийгэмд мэдээлэх, урьдчилан сэргийлэх, автахгүй байхад чиглэсэн илтгэл, эссе бичлэг, гар зургийн уралдаануудыг зарласан байгаа. Үүнд хүүхэд залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ.