УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 30-ны 4 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байх ба АМНАТ-ийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хүчингүй болгосон.
Мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болгожээ. Тиймээс Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулжээ. Ингэхдээ АМНАТ төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Хуулийн төслийг баталснаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд АМНАТ-ийг нэг удаа давхардуулахгүйгээр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломж бүрдэх юм. Мөн Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар АМНАТ-ийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслийг батлах санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь дэмжиж, баталснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.