Хохирогчдийн ар гэрийн хүн Ц.Бат-Өлзий гуайн 2017 онд "Өдрийн сонин" өгсөн ярилцлага.
Төв аймгийн Аргалант сум, Эмээлт орчимд зам тээврийн ослоор гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр гарсан. Ослын улмаас “Приус-20” маркийн автомашинд зорчиж явсан гурван хүүхэд, дөрвөн том хүн амиа алдсан билээ. Долоон хүний амь насыг нэг дор авч одон сэтгэл сэрдхийлгэсэн онц ноцтой осол юунаас болж гарсан нь тодорхой байдаг. “Приус-20” маркийн автомашины жолоочийг бор шаргал өнгийн жийп маркийн машинтай жолооч зам дээр шахсанаас болж эсрэг талын замаар явж байсан “Ланд 200” маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар замын хажуу руу шидэгдсэн байдаг. Ослын талаарх гэрчтэй, гэм буруутан нь тодорхой дээрх хэргийг хууль хяналтынхан хэрэгсэхгүй болгож, хаасан байдаг. Энэ талаар хохирогч Ц.Бат-Өлзий гуайтай ярилцлаа.
-Төв аймгийн Аргалант сум, Эмээлт орчимд 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр осол яг юунаас болж гарсан байдаг вэ?
-Би хоёр охинтой. Миний охин Архангай аймгийн Хашаат сумаас Улаанбаатар хот руу гурван хүүхэд, хадмуудаа аваад явсан байдаг. Харамсалтай нь бүгд ослын улмаас амь насаа алдсан. Осол болохыг харсан гэрчийн хэлснээр манай охины барьж явсан машиныг нэг машин шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн. Ингээд 10-20 минутын дараа машинд гал гарсны улмаас зорчигчид бүгд шатаж амиа алдсан юм билээ. Тэнд байсан бүх машины жолооч, зорчигчид туслах гэж хичээсэн байдаг. Дээрх хэргийг харсан гэрчүүд зөндөө бий. Охины минь жолоодож явсан машиныг шахсан шаргал өнгөтэй машин хэргийн газраас зугтсан. Гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг. Бор шаргал өнгийн машины жолооч миний охины машиныг шахаагүй байсан бол долоон хүн амь насаа алдахгүй байсан. Шуудхан хэлэхэд бор шаргал өнгийн жийп унасан хүн долоон хүний амь насыг хөнөөчихөөд зугтсан гэсэн үг.
-Осол болохыг харсан гэрч нар хэргийг шалгаж байгаа цагдаа нарт юу гэж ярьсан байдаг вэ?
-Ослыг харсан олон гэрч байгаа. Эмээлтэд арьс, шир авдаг нэг иргэн ослыг яг хараад зогсож байсан юм байна лээ. Тэр гэрчийн хэлснээр охины минь жолоодож явсан машины хажуугаас шаргал өнгийн том оврын жийп машин шахаж, аргагүй байдалд оруулсан гэсэн. Охины машиныг ингэж шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн гэдэг.Тэр даруйдаа шаргал өнгийн машины жолооч бууж ирэхэд нь гэрч жолоочийн цээж рүү нь цохиод “Та яаж байгаа юм” гэж хэлсэн гэсэн байдаг. Шаргал өнгөтэй машины жолооч “Би аварна” гээд сүх бариад замын хажууд дээшээ хараад уначихсан машин руу явсан. Гэвч тэр хүнийг очихоор явж байхад машин дэлбэрсэн юм байна лээ. Миний охины машин шатаж байхад хэргийн газарт хоёр жолооч хоёулаа байсныг гэрч нотолдог. Гэтэл машин шатаж дууссаны дараа хартал шаргал өнгөтэй машин уул өөд өгсөөд явсан гэсэн.Удалгүй 5-10 минутын дараа цагдаа нар ирээд араас нь хөөсөн байдаг.Тэгээд удалгүй шаргал өнгийн машин авчраад мөн үү гэж гэрчээс асуусан гэж ярьдаг юм. Гэвч энэ бүгдийг хэргийн материалд огт хавсаргаагүй үлдээчихсэн байсан. Мөн хэргийн газрын гэрчүүд шаргал өнгийн машинд сургуульд орох насны охин хүүхэд, мөрнөөс дээгүүр тайрмал үстэй эмэгтэй сууж явсан. Тэр эмэгтэй жолоочийг “Битгий гээд байхад яаж байгаа юм бэ” гэж загнаж байсан гэсэн.
-“Ланд 200” маркийн машины жолооч танай ахыг зодож хүнд гэмтэл учруулсан гэсэн үү?
-Тийм ээ. Осол гарсны дараа хэргийн газарт миний төрсөн ах дуудагдаж очсон юм. Миний охины машинтай мөргөлдсөн Ланд 200-гийн жолооч хэргийн газарт байсан гэсэн. Ах маань тэр жолоочид нь “ Чи яаж байгаа юм бэ. Олон хүний амь нас чамаас болж хохирлоо. Хурдаа тааруулж явахгүй яасан юм бэ” гэж хэлсэн байдаг. Гэтэл “Ланд 200” маркийн автомашины жолооч ах руу маань дайраад “Өчнөөн хүнийг нь алчихсан юм, одоо чамайг алчихъя” гэж хэлээд зодсон байдаг. Бүр толгой руу нь дугуйны төмрөөр цохиж гэмтэл учруулсан. Үүнээс болж ах эмнэлэгт хүргэгдэж, толгойндоо арав гаруй оёдол тавиулсан. “Ланд 200” маркийн автомашины жолооч ахыг минь зодож байх үед хэргийн газарт цагдаа, аврах анги, эмнэлэг, шүүхийн шинжилгээ, гэрэлтүүлэг, гал унтраах ангийн албан хаагчид бүгд байсан.
-Хэргийг шалгасан цагдаа, прокурор нь осол гарахад гол нөлөө үзүүлсэн бор шаргал өнгийн жийпний эзнийг ололгүй хэргийг хаасан байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?
-Долоон хүний амь нас хохирсон хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид өөрийнхөө үүрэгт ажлыг сайн хийхгүй, сэтгэл гаргахгүй байсан нь олон зүйлээр харагддаг. Буяны ажил явдал дууссаны дараа ослын газраас зугтсан машинтай төстэй машин будганд орсон мэдээллийг олж авсан. Энэ талаар хэргийг шалгаж байсан цагдаад өргөдөл бичээд өгсөн. Гэтэл мөрдөн байцаагч Ууганцэцэг “Хэргийг Төв аймаг руу шилжүүлсэн” гэсэн.Төв аймгийн цагдаагийн газарт хэргийг шилжүүлж байна гэж ярьсаар 20 хоног болсон. Дараа нь,Төв аймгийн хэрэг хариуцсан прокурор руу залгаж хэргийг мөрдөн шалгах ажлын талаар асуухаар “Улаанбаатарт явж байна, хэргийн баримт бүрдсэн зүйл одоогоор алга байна. Энэ хэргийг бид шалгаж байна” гэх хариу өгдөг. Мөн хэргийг хянаж байгаа прокурор хэргийн материалтай танилцсаны дараа уулзана гээд арав гаруй хоногийн хугацаа алдсан. Энэ мэт байдлаар цагдаа, прокурор ямар нэгэн тайлбар хэлж байсаар хэргийг шалгаагүй хоёр сар болсон юм. Бүр тэгснээ хэрэгт холбоотой баримт байхгүй, гол холбогдогч нь нас барсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож хаана гэсэн.Гэтэл мөрдөгч, прокурорууд “Хэргийг шилжүүлж байна. Хэргийн материалтай танилцаж байна” гээд цаг алдсан.Эндээс надад хэргийн буруутай хүмүүсийн хууль бус үйлдлийг нуух гэж баг бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа юм байна гэх хардлага төрсөн. Сүүлд нь судлаад үзэхээр хэргийн материалыг хот болон хөдөө орон нутаг руу шилжүүлэхэд хоёр сар биш долоо хоногийн хугацаа л ордог юм байна лээ.
Энэ хэрэг хоёр удаа хаагдаж, дөрвөн прокурорын нүүр үзээд байгаад л гайхаж сэжиглэж байгаа юм. Осол гарсан замд камер байгаагүй. Цагдаа нар ойр орчмынх нь камерыг огт шалгаагүй.Төв аймгийн Лүн сумын камерыг шүүлгэх гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан мөрдөн байцаагч хойшлуулсны улмаас шүүлгэж чадаагүй. Бид хувиараа очиж шүүх гэсэн боловч хэд хоногийн өмнө хүмүүс ирж шүүгээд кодолсон байна гэсэн.Камерын бичлэгийг устсан байх гэж би бодож байна.
-Өнгөрсөн есдүгээр сард та бүхэн дээрх хэрэгтэй холбоотойгоор АТГ-т хандсан байдаг. АТГ таны гомдлыг шалгаад ямар хариу өгсөн бэ?
-АТГ-т ямар шалтгаанаар хэргийг шалгаж байгаа цагдаа, прокуроруудыг шалгуулахаар өргөдөл өгсөн үндэслэлээ ярих нь зүйтэй болов уу. Аймшигт осол гараад жил болж байхад энэ хэргийн шалгалтад ямар ч ахиц гараагүй. Бүр хоёр удаа хэргийг хаасан. Ослын гол буруутан гэж үзээд байгаа том оврын жийп машины жолоочийг хайж олоогүй мөртлөө хэргийг хаагаад байгаа нь цаанаа ямар нэгэн зүйл байгаа мэт харагдсан. Миний охины машинтай мөргөлдсөн “Ланд 200” маркийн машины жолоочийг энэ хэрэгт буруугүй гэж үзээд явуулсан. Ёстой л амьд гарсан хүний зол гэгчээр асуудалд хандсан. Дөрвөн урсгалтай, ямар ч машины ачаалал байгаагүй зам дээр гүйцэж түрүүлсэн, хурд хэтрүүлсэн үйлдэл гарсан нь гарцаагүй байдаг. Миний хувьд шахаад зугтсан машиныг олох ёстой гэж үзсэн. Замын эсрэг талаас ирж явсан Ланд 200-гийн жолооч хурд хэтрүүлсэн, аюулыг зайлуулах гэж оролдоогүй, зогсох арга хэмжээ огт аваагүй байхад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж гаргасан.Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр бүгдийг талийгаач охины минь буруу болгож байна. Энэ бүхнээс “Ланд 200” маркийн автомашины жолооч их мөнгөтэй, эрх мэдэлтэй учир хэргийг хаах гэж улайрч байна уу даа гэж харагдаад байсан. Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид, прокурорууд хуулийн дагуу ажлаа хийхгүй. Тэгсэн мөртлөө ямар нэгэн байдлаар миний охины буруу болгохын төлөө ажиллаж байж болзошгүй ноцтой зүйлс гарч ирсэн.Тиймээс бид хоорондоо ярилцаж байгаад АТГ-т хандсан. АТГ-аас миний өгсөн гомдолд бичгээр хариу өгсөн. АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга “Мөрдөн байцаагч, хэргийн баг бүрэлдэхүүн хэрэг дээр бүрэн ажиллаагүй нь харагдаж байна. Гэхдээ энэ хэрэгт авлигын шинж, хээл хахууль авсныг нотлох баримт байхгүй учраас авлига авсан гэж үзэх боломжгүй. Харин энэ хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөн байцаагчийг шалгахыг ЦЕГ-т хүргүүлж байна” гэсэн хариу өгсөн.
-ЦЕГ-аас ажлын хэсэг гарч хэргийг шалгаж эхэлсэн гэсэн. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчийг цалингаар торгож шийтгэсэн гэсэн үү?
-ЦЕГ-аас ажлын хэсэг гарч шалгасан. Одоо хэргийг нэлээд ахицтай шалгаж байгаа гэж ойлгож байна. Миний охины машиныг шахсан бор шаргал өнгийн жийп унаж явсан хүнийг цагдаа нар илрүүлсэн байна лээ. Одоогоор мөрдөн шалгах ажил хийгдэж байгаа гэсэн. Миний охины унаж явсан машиныг шахсан хүн компанийн захирал гэж сонссон. Хэргийг шалгаж байсан Ууганцэцэг гэх цагдаад ажлын хариуцлага алдсан учраас сахилгын хариуцлага тооцно гэж надад мэдэгдсэн.Хийх ёстой зүйлээ хийгээгүй, шалгаагүй, камерын бичлэг шалгаагүй, зугтаад явсан авто машины мөрийг бэхжүүлж шалгаагүй, ижилхэн шаргал өнгөтэй машин авчраад тэрийгээ хэргийн материалд оруулаагүй гэж би гомдол гаргасан юм. Харин Ууганцэцэг байцаагчийг сахилгын арга хэмжээ авч байна гээд хоёр сарын цалингийн 20 хувиар торгосон гэсэн. Би есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөдөл бичиж, энэ хэрэгт анхаарлаа хандуулж өгөөч гэж хүссэн. Одоо Ерөнхийлөгчөөс хариу ирэхийг хүлээж байна.Бас Улсын ерөнхий прокурорт энэ хэрэгт анхаарч, үнэн мөнийг тогтоож өгөөч гэдэг хүсэлтээ өгсөн.Мөн АТГ-аас шилжүүлсэн ЦЕГ-ын мөрдөн байцаах газрын шийдвэрийг харж байна. Энэ хэрэг үнэн зөв шийдвэрлэгдэж буруутай этгээд зохих ял шийтгэл амсахгүй бол би өлсгөлөн зарлана. Хуулийн өмнө хүчгүйдэж аргаа барж байна шүү дээ. Хайртай охиноо, зээ нараа, худуудаа харамсалтайгаар алдсан надад маш хүнд байна.
Би хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхийн төлөө голоо тасартал тэмцэж, хөлөө хүрэх газраа хүртэл явна. Эрдэнэт долоон хүн амиа алдчихаад байна шүү дээ. Хэрэв бид хэргийн араас хөөцөлдөж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх зүйлийг нийтэд гаргаагүй байсан бол долоон хүний амь нас хохирсон хэрэг хэрэгсэхгүй болох байсан. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа алба хаагчид чинь адилхан л хүн биз дээ. Мөргөлдсөн “Ланд 200” маркийн машины жолооч, охиныг минь замын эсрэг тал руу шахсан компанийн захирал ч гэсэн адилхан хүн биз дээ. Тэдэнд хүний мөс чанар байгаасай. Үрээ алдсан надаас тэд монгол хүний ёсоор уучлалт гуйх ёстой. Хагацал зовлон гэдэг чинь үнэхээр хэцүү юм байна. Аргаа бараад уйлахаас өөрийг хийж чадахгүй л сууж байна даа.
Эх сурвалж: Өдрийн сонин