МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчидтэй хийх сонсгол ирэх сард болно

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчидтэй хийх сонсгол ирэх сард болно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Засгийн газраас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн Нямдаваагийн Монсор, Жаргалсайханы Золзаяа нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг ирэх сарын 24-нд зохион байгуулахаар, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилох, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг ирэх сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авахаар тусгажээ. 

Хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ үеэр байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаарх тайлангаа дээрх сонсголын ажиллагааг зохион байгуулахаас өмнө ирүүлэх тухай албан бичгийг илгээх нь зүйтэй гээд, Үндэсний зөвлөл ажиллаж чадахгүй байгаа, одоогийн байгаа хууль тогтоомжийн зохицуулалт хангалтгүй байгаа бол хуулийг эргэж харах шаардлага үүснэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа.