Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ

Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Говь-Алтай аймагт бэлэг тарааж, сонгогчдод нөлөөлөх ажиллагааг зохион байгууллаа гэж үзсэн иргэн АТГ-т шалгуулахаар өгчээ. Иргэний гомдлын дагуу АТГ түүнийг уг асуудлаар шалгаж эхлээд байгаа аж.

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нь 2020 оны сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвшихээр зэхэж, уг тойргийг эрчимтэй усалж буй нэгэн.

Тэрбээр, өнгөрсөн аравдугаар сарын 09-19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн 18 суманд ажиллаж, иргэдтэй уулзсан. Түүнтэй хамт “Маск” продакшны жүжигчид тэргүүтэй 50 орчим хүн дагалдан явжээ.

Сурталчилгааны хүрээнд хошин урлагийн үнэ төлбөргүй тоглолт үзүүлэхээс гадна даралтын аппарат, биеийн халуун хэмжигч зэргийг үнэ төлбөргүй тараажээ. Түүнчлэн зарим сумдын багийн дарга нарт хурдан удмын азарган үрээг хүртэл бэлэглэсэн гэх. Улмаар уулзалтын дараа сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргааны байраар орж танилцаж тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээ илэрхийлжээ. Энэ нь төр төлөөлсөн байдлаар ажилласан гэх хардлага үүсгэж байсан билээ.