Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.
“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс "Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм.
Тус шүүхэд өнөөдөр 15:00 цагаас “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд асанд холбогдох шүүх хуралдаан болжээ.
"Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан маргаж буй “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагад:
- "Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,
- "Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн //Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,
- Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлээд байсан юм.