Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд удаж буй. Тодруулбал,Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрх нь түдгэлзсэн байгаа шүүгчдийг танилцуулбал,
- Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
- П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
- С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” байгаа юм.
Харин дээрх шүүгчид ажиллахгүй байгаатай холбоотойгоор, анхан болон давж заалдах шатны шүүгчдийн ажлын ачаалал эрс нэмэгдэж, зарим шүүх танхимын үйл ажиллагаа бүр зогссон байгаа зогссон талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлсэн билээ. Тэгвэл Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон өөрийн facebook хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
ТЭРЭЭР:
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон би Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж байна. Би 1992 онд МУИС -ийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан, улаан дипломтойгоор төгсч, одоогийн удирдлагын акадёмид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар анх ажлын гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэл 28 жил тасралтгүй багшилж, хуульчдыг давтан сургах төв, хууль зүйн үндэсний хүрээлэнд багш, эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2013 онд шүүгчийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноогоор шалгарч, дээд шүүхийн шүүгчээр томилогдон 6 дахь жилдээ өөрийн бүх хүч чадал, эрдэм мэдлэгээ энэ ажилдаа шударга үнэнчээр ажиллаж, бас хуулиар зөвшөөрөгдсөн багшлах ажлаа хийсээр ирсэн. Өөрийн хийж байгаа ажилдаа зүрх сэтгэл, мэдлэг чадвараа бүрэн дайчилж ажилласаар ирсэн.
Харин 4 сар гаруйн өмнө бүрэн эрх түдгэлзүүлсэн захирамж гарахад хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй, цочирдсон хэдий ч өөрийгөө ямар нэгэн хууль бус үйлдэл, хуйвалдаанд оролцоогүй болохоор хууль журмынхаа дагуу шалгаад үнэн мөн нь тогтоогдож, нэр төр минь сэргээгдэнэ гэдэгт итгэж байсан тул хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, олон нийтэд өөрийн дуу хоолойгоо хүргэлгүй өнөөдрийг хүргэлээ.
Харин төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад гомдлоо зохих журмаар нь гаргасан ч ихэнх нь хуульд заасан хугацаанд хариу өгсөнгүй. Өнөөдрийг хүртэл мөрдөгч болон прокуроруудыг өргөсөн тангарагтаа үнэнч байж, хөндлөнгийн аливаа нөлөөнд авталгүйгээр хууль ёсоо дээдлэн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэсэн хэвээр байгаа хэдий ч "...өрх толгойлсон, харж хандах, хамгаалах албан тушаалтан байхгүй, араас нь хөөцөлдөөд хамгаалаад явах ар талын хүчгүй, хамгийн СУЛ нөхцөлтэй өөрийн чадлаараа өдий зэрэгтэй яваа энгийн нэгэн" надад ов зальтай, бусдын нэрийг ашиглагч хүмүүсийн хийсэн үйлдлийг "ТААМГААР" тулгаж, хууль ёс онол номыг үгүйсгэж байгааг эрс эсэргүүцэж, Та бүхэнтэй санал бодлоо хуваалцаж байна.
Эрхэм прокуроруудыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, гагцхүү хуульд захирагдахаар өргөсөн тангарагтаа үнэнч байж, хөндлөнгийн аливаа нөлөө, дарамтад авталгүйгээр үнэн зөв шийдвэр гаргана гэдэг итгэлтэй байна.
ХҮНДЭТГЭСЭН УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ Д.ЦОЛМОН.