Э.Цэндбаатар: Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр АНУ-д ирсэн учраас надад тодорхой цаг хугацаанд тэвчээр хэрэгтэй байгаа /ВИДЕО/

Э.Цэндбаатар: Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр АНУ-д ирсэн учраас надад тодорхой цаг хугацаанд тэвчээр хэрэгтэй байгаа /ВИДЕО/

iSee.mn сайт энэ сарын 24-ний өдөр /2023.02.24/ АНУ-д мэргэжлийн боксын анхны тулаанаа Жованни Хосе Гутьерресийн эсрэг хийж, гуравдугаар раундад хүнд цохилтоор ялалт байгуулсан МУГТ Э.Цэндбаатартай ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ны өдөр АНУ-д мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж ялалт байгуулсанд баяр хүргэе. Хоёулаа тус тэмцээний онцлогийн талаар ярилцлагаа эхлүүлье?

-Сайн байцгаана уу. Энэ удаагийн тэмцээний онцлогийн хувьд миний цаашдаа явах түвшинд их нөлөөлж байгаа. Одоо 5:0 буюу таван хожилтой болчихлоо. Гурван К.О-той. Саяны тулалдсан тамирчны хувьд 11 хожил 6 нокауттай. Туршлагатай сайн тамирчинтай тоглоод хожсондоо маш их баяртай байна.

-Одоо аль улсын тамирчидтай бэлтгэл хийж байна вэ. Бэлтгэлийн талаараа сонирхуулж яриач?

-Одоогоор би тамирчдын байранд байрлаад бэлтгэл хийж байна. Байрандаа тавуулаа. Өдөрт гурван удаагийн бэлтгэлийг цагаас хоёр цаг орчим хийж байна. Нэгдэх, гуравдах, тавдахьд байнгын спиннинг хийдэг. Энд янз бүрийн улсын тамирчид байгаа ч англиар ярьдаг хүн байхгүй. Дохио зангаагаар л ойлголцоод байна даа /инээв/ Ер нь бүх л орны боксчид байна. Сайн сайн тамирчид байгаа бололтой. Аварга болтлоо эндээ байрлаад бэлтгэлээ сайн хангах төлөвлөгөөтэй байна даа.

-Өмнө нь өөр орнуудад бэлтгэл хийж байсан шүү дээ. АНУ-ын хувьд ялгаатай зүйл нь юу байв?

-Шинэ шинэ дасгалууд их зааж байна. Бэлтгэлийн хувьд маш сайн байгаа гэж хэлж болно. Дэлхийн аварга нь хүртэл энд мэргэжлийн бокс тоглож байна. Тэднийг ялж байж л бүсийг нь авна. Тиймээс ялахын тулд юу хэрэгтэй бүгдийг л сурна. Өшөө өндөрт гарахын тулд хичээнэ ээ.

Миний бэлтгэл хийж байсан газруудаас Америк л хамгийн сайн гэж хэлж болохуйц. Сул, хөнгөн мэдэрч ажиллана гэж байхгүй. Ринг дээр гарсан л бол хамаг хүчээрээ цохиод зодолдож байна. Бэлтгэл дээрээ л зодолдоод байдаг юм байна билээ. /инээв/

-Чиний дасгалжуулагчийн хувьд?

-Манай дасгалжуулагч Мексик багш байгаа. Багштайгаа боксынхоо цохилтыг англиар бол ойлголцоод байгаа юм. Дэлхийн аваргад түрүүлж байсан их сайн багш. Нэрийг нь санадаггүй ээ. /инээв/

Монголоос “Сэрүүн” группийн захирал н.Булгантамир миний менежер хийж байгаа. Надад тоглолт олж өгч дэмжих ажил хийгээд хамтраад явж байна даа.

-Америкт гэр бүлээрээ очсон уу?

-Үгүй ээ. Одоохондоо ганцаараа ирсэн. Эхнэр, хоёр охиноо маш их санаж байна. Би энд мөрөөдлөө биелүүлэх гэж ирсэн. Надад тодорхой цаг хугацааны тэвчээр хэрэгтэй. Ямар ч байсан зорьсон зорилгынхоо төлөө хүрээд ирлээ.

-Тэмцээний үеэр Америк дах монголчууд очиж дэмжсэн харагдсан шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Тэгсэн. Уухайлаад маш гоё дэмжсэн. Нью Йоркод байдаг Монголын Элчин сайдын яамны хүмүүс ирж намайг дэмжихийн зэрэгцээ намайг хүлээж авч гоё газар үзүүлсэн. Нэг өдрийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн. Нийт монголчуудынхаа итгэлийг алдалгүй ялсандаа маш их баяртай байгаа. Дараагийн тулаан гуравдугаар сарын сүүлчээр болно. Тэр тэмцээндээ зориулаад бэлтгэлээ хангаж байна даа.

-Одоо ямар нэг багт харьяалагдаж байгаа юу?

-Үгүй. Том гэрээ хийгээд тулаанаа хийгээд явж байна. Одоо том гэрээ хийсэн учраас сар бүр надад тулаан олж өгнө. Сайн байх юм бол цаашаа яваад л байна. Сүүлд нь тусалж дэмждэг газар ШШГЕГ, “Сүлд” спорт хороондоо бас “Сэрүүн” групптээ маш их баярлалаа. Итгэлийг нь алдахгүй, зорьсон зорилгодоо хүрнэ. Монголынхоо ард түмэндээ баярлалаа. Итгэлийг нь алдахгүй хичээх болно.