Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Хагийн нуур гэдэг газарт 34 настай эрэгтэй С арваннэгдүгээр сарын 8-ны өдөр 14.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Иргэн С-н алга болсон тухай дуудлагыг түүний ар гэрийнхэн нь энэ сарын 13-ны өдрийн 10:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, Эрэн хайх, аврах салбарын долоон алба хаагч, нэг эрэлч нохой, нэг автомашин, орон нутгийн 10 иргэн хоёр автомашин, ар гэрийн 20 хүн, хоёр автомашин, дөрвөн мотоцикл, нийт 38 хүн, нэг эрэлч нохой, есөн автомашинтай энэ сарын 16-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Алга болсон иргэн С-ын цогцсыг гэрээс баруун хойд зүгт 3,5 км-т “Хоёр модны гарам” гэдэг газраас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.