Дейтон хот хоёрдугаар сарын 10-ныг “Монголын өдөр” болгон зарлав

Дейтон хот хоёрдугаар сарын 10-ныг “Монголын өдөр” болгон зарлав

АНУ-ын Охайо мужийн Дейтон хот хоёрдугаар сарын 10-ны өдрийг “Монголын өдөр” болгон зарлаж, тунхаглах ёслол “CareSource” компанийн төв байранд боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Элчин сайд Ө.Батбаяр оролцож Дейтон хотын захиргаа, CareSource компанийн удирдлагад талархал илэрхийлж үг хэлж, Сан Франциско дахь ЕКГ-ын консул П.Баярмагнай, Чикаго дахь Консул Т.Батцэцэг, Чикаго хотын Бизнес консулын удирдах зөвлөлийн гишүүн Ү.Ууганбаяр нар хүрэлцэн ирж, Дейтон хотын бизнес эрхлэгч, хүндэт зочдод Монгол Улсын Эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол бизнесийн талаар танилцуулж, мэдээлэл өгчээ.

"CareSource" компанийн Ерөнхийлөгч Эрхаарт Прейтауэр ёслолыг нээж үг хэлсэн бөгөөд Дейтон хотын дарга Жефри Мимс, Охайо мужийн захиргаа, тус мужийн Монгомери дүүрэг, Охайо мужаас сонгогдсон конгрессын гишүүн Майкл Тернерийн бие төлөөлөгчид оролцож, тунхаглалын өргөмжлөлийг Элчин сайдад хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

Дейтон хотын Их сургуульд суралцаж, тус сургуулийн багт тоглож буй Ш.Энхийн-Од /Майк/ тус хотод ирснээр Дейтон хотын иргэд Монгол Улсын талаар ихээхэн сонирхох болж, Монголын сагсан бөмбөг сонирхогчдоос Дейтоны сагсан бөмбөгийн багийг олноороо дэмжих болжээ. Дейтоны Их сургуулийн багийг дэмжигч Монголчуудын Facebook group гэхэд хэдхэн сарын дотор 28 мянга орчим дэмжигчтэй болсон нь спортоор дамжуулан иргэд хоорондын харилцаа хэрхэн хөгжиж болдгийн тод жишээ гэдгийг АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам мэдээлэв.