М.Баяржавхлан Батлан хамгаалах яамны "Алдарын цом"-ыг хоёр дахь удаагаа гардлаа

М.Баяржавхлан Батлан хамгаалах яамны "Алдарын цом"-ыг хоёр дахь удаагаа гардлаа

Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Алдарын цом" үндэсний бөхийн шилжин явах цомын аварга шалгаруулах барилдааныг өнөөдөр аймаг, цэргийн начин цолтой сумын заануудын дунд анх удаа тойргийн журмаар зохион байгууллаа.

Барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, "Ховд" дэвжээний бөх аймгийн начин Мягмардоржийн Баяржавхлан түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард аймгийн начингуудын дунд болсон "Алдар цом"-ын барилдаанд түрүүлсэн бөгөөд ийнхүү хоёр дахь удаагаа цом гардсан.

Өнөөдрийн барилдаанд хоёрдугаар байрт Увс аймгийн Тэс сумын харьяат цэргийн начин Г.Баянмөнх, гуравт Завхан аймгийн Нөмрөг сумын заан Ё.Гантулга, дөрөвт Өмнөговь аймгийн Манлай сумын заан С.Доржпалам, тавд Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ, зургаад Архангай аймгийн Хайрхан сумын заан О.Баяржаргал, долоод Төв аймгийн Эрдэнэ сумын заан Б.Отгонбаатар, наймд Увс аймгийн Малчин сумын заан Э.Түмэннасан нар тус тус орлоо.