Засгийн газрын өнгөрсөн долоо хоног /2019.11.06/-ийн хуралдаанаар мөрийтэй тоглосон нэр бүхий албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөхдөө “Төрийн албаны тухай хуулийн 40.2-т заасны дагуу Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталсан. Уг хуулийн 3.1.4-т Гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх хориглосон заалтыг оруулсан.
Уг заалтыг зөрчсөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ХК-ийн Сөүл дэхь төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Тэд мөрийтэй тоглож энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь холбогдох баримтаар нотлогдсон" гэсэн юм.
Харин Гаалийн ерөнхий газрын дэд дарга асан Ё.Бат-Эрдэнэ Өдрийн сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа “Юуны өмнө энэ бол ёс зүйн хувьд алдаа. Тийм учраас ёс зүйн зөрчил гаргасан даа, өдий болтол дэмжиж ирсэн, надтай хамтран ажиллаж байсан бүх хүмүүс, тэр тусмаа гаалийн байгууллагынхаа хамт олон, нийт гаальчдаасаа уучлалт гуйя. Би ёртой юм шиг “Тийшээ ороод үзчих юмсан” гэдэг бол төрдөг байсан. Тиймээс хажууд нь буусных яваад орчихсон” гэж ярилцлага өгчээ.