Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. Харин БНСУ-ын Инчон хотын прокуророос энэ долоо хоногийн Лхагва гарагт /2019.11.13/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая воны торгууль ногдуулсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр энэ долоо хоногийн Лхагва гарагийн 17 цагийн орчимд Сөүл-Улаанбаатар чиглэлийн Korean Air компанийн нислэгээр Монголд ирсэн байдаг. Түүнийг ирэх үеэр Тээврийн цагдаагийн газар /ТЦГ/-ын Иргэний агаарын тээврийн цагдаагийн албан хаагчдыг хамгаалалтад гаргасан байна. Тэрээр "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын VIP өрөөгөөр дамжин, автомашиндаа суусан талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн.
Харин Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн Даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэж Үндсэн хуулийн цэцээс хэвлэлийн мэдээлэл гаргажээ.