Удган Ц.Сарантуяа: У.Хүрэлсүх ерөнхий сайд болохдоо буруу өдөр болсноос энэ олон ослууд тасрахгүй байна

Удган Ц.Сарантуяа: У.Хүрэлсүх ерөнхий сайд болохдоо буруу өдөр болсноос энэ олон ослууд тасрахгүй байна

Удган Ц.Сарантуяа манай редакид ярилцлага өгье гэж хандсаны учир дараах ярилцлагыг бэлтгэлээ.

-Бид өмнө тантай ард иргэдэд хэрэгтэй, бидний амьдралд өдөр тутам тулгардаг асуудлуудыг уламжлалт шашин шүтлэгийн харилцаа, зан үйлээр хэрхэн засаж залруулах талаар ярилцаж байсан. Харин энэ удаад улс орныхоо улс төрийн нөхцөл байдал, төрийн түшээдийн талаар асууж тодруулахыг зорилоо. Нийгэмд өдөр бүр айдас хургуулсан учирлууд тохиолдож байна. Таны шашны зан үйлд энэ бүхэн хэрхэн бууж байна вэ?

-Энэ тав, зургаадугаар сар бол дэлхийн хэмжээнд  далай ван гараг ухрах хөдөлгөөнд орсон үе. Далай ван гараг ухрах хөдөлгөөнд орохын үрээр хорвоо ертөнцийн соёл иргэншил оюунлаг ухамсарт өөрчлөлт гардаг. Энэ удаад дэлхийн хэмжээгээр шударга нийгмийг сэргээн тогтоох үзэл санаа ноёрхож эхэлнэ. Таны хэлдгээр нийгэмд өдөр бүр айдастай, муу муухай зүйл тасралтгүй гарах болсон нь шашин номын үүднээс тайлбарлахад лус савдаг, уул усаа шүтэж хайрлаж чадаагүйн улбаа, мөн уламжлалт шашин шүтлэг, зан заншилаа орхигдуулсных, нөгөө талаас өөрсөддөө байгаа үнэ цэнэтэй, дархлаагаа болгож авч явах зүйлсээ өнгө мөнгөнд ноёлуулж гээсний учир утга бас байгаа юм.

-Та нэг яриандаа намайг гээд зориод ирэхгүй ч би ихэс дээдсийнхээ жилийн өнгө заслыг харж суудаг хүн гэж ярьж байсан. Энэ удаад бид таныг энэ талаар зорьж ирлээ. Энэ жилийн хувьд төрийн өндөрлөгүүдийн маань зурхай зурлага хэрхэн бууж байна вэ?

 -Монгол улсын ерөнхийлөгч маань 1963 оны туулай жилтэй хүн. Ерөнхий сайд маань 1968 оны бич жилтэй, таван шар мэнгэтэй хүн. Бич, туулай хоёр хоорондоо харшлах юм бол байхгүй. Зурхайн ухаанд зурагдсан мэдээллийг энгийн үгээр бодит амьдралд буулган тайлбарлахад бич жилтэй удирдагч ард түмэнд таалагдахын тулд улс төрийн нэрээр хатуу үзэл баримтлалыг бусдад тулган шаарддаг.  Өөртөө хэт их итгэсэн би чадна гэх үзлээ хүмүүст хайр найргүй тулгаж, хурц хэл үгээр ажил хэргээ удирдан явуулж байгаа нь төр улсыг тогтворгүй байлгах нэгэн шалтгаан болж байна.

У.Хүрэлсүхыг Ерөнхий сайд болсон цагаас эхлэн салбар яамдуудаар нь өвчин зовлон, үхэл хагацал их тохиох боллоо. Саяхан гэхэд 500 хүүхэд сүрьеэгээр өвчлөн Эрүүл мэндийн сайд нь огцрох дээрээ тулаад явж байна. Ерөнхий сайд маань ямар энергитэй хүн юм болоо?

Муу муухай энергитэй хүн бол биш юм. Гэхдээ үгийн хүч гэдэг өөрөө гайхамшигтай ч бас аймшигтай. Энэ хүн хамтарч ажиллаж буй хүмүүсээ уурлаж загнахад тэр нь нөгөө хүмүүстээ хараал мэт үсэрч очоод байх талтай. Хүн ер нь тэгээд зөв цаг үедээ л тохирох суудалдаа суугаагүй бол өөрт болоод өрөөлд өвчин зовлон үхэл хагацал тасардаггүй юм.  Сүсэгтнүүд санаж байгаа бол У.Хүрэлсүхийг ерөнхий сайд болсоны дараахан л Отгонтэнгэр хайрхан шилгээж 17 хүний амь үрэгдсэн. Зам тээврийн яаманд нэг ажилтан зодуулж нас барсан, цэвэрлэх байгууламжинд 4 хүн осолдсон,  уурхайд 4 хүн үрэгдлээ,  цагдаад 3 хүн байхаа өнгөрсөн, тогонд цохиулж 2 хүүхэд өнгөрчихсөн. Нямдорж сайдын харьяалдаг хуулийн салбарт 1 хуульч амиа холосон, батлан хамгаалах яаманд 3 цэрэг өнгөрсөн. Төрийн ордонд архидалттай холбоотой нэг том үхэл гарсан гэж ерөнхийлөгч маань хэлж байна. Бас хэдхэн хоногийн өмнө 29 настай залуу бас уурхайд өнгөрчихлөө. Бараг бүх яамдад аллага,  цаг бусын үхэл тасрахгүй байна. Эд бүгд жас ёсны үхэл биш дандаа төрийн хариуцлагагүй, хяналтгүй сул ажиллаж хар энегийг зайлуулж чадахгүй багаатай  холбоотой байгаа биз. Тиймээс Засгийн газрын тэргүүн ирж засал хийлгэхгүй бол цаашид ч үхэл, өвчин тасрахгүй.

Бич жилтнээс бусад нь зайгаа барьж болгоомжлон харьцдаг. Учир нь тэр хэнийг ч байх ёстой байранд нь аваачиж тавих чадвартай хүн. Таалагдаагүй нэгнээ хэдий өндөрлөгөөс ч доош нь буулгаж чадна. Таашаасан нэгнээ хэдий дороос сэнтийд ч залруулах хэмжээний тооцоотой, арга ухаантай. Тийм учраас бич жилтнээс хүмүүс жийрхэн харьцдаг.  Бич жилтний алдаа бол төрийг удирдах хүч чадалаа буруугаар үнэлж өөрөө өөрийгөө баатар эр мэт санах хандлагад байдаг. Гэтэл энэ олон чухал шийдвэр, шийдэл, гарц дотор түүний өнгөн хандлагаар бараг сониуч  найрсаг зангаараа хийчихсэн үйлдлүүд ч байж л байна. Бас маш чухал хэрэгтэй нэгнийг үл тоох хандлага гаргадаг. Энэ бүхэн ерөнхий сайдыг төрдөө ажил явуулахад  нь тушаа болоод байна.

-Төрийн ордон байнгын маргаантай, тэдэн дотроос нийгэмд буруу үлгэр дуурайл болохуйц эсвэл жигшин дургүйцмээр үйлдлүүд илрэх боллоо. Энэ бүхэн юутай холбоотой вэ? 

-Тавдугаар сарын сүүлчээр саарал ордныхны ажил төрөл нь бүтэлгүйтэх,  улс төрийн аллага аллага гарах, хэн ч гэсэн хэл аманд өртөгдөх явдал гарахыг үгүйсгэхгүй. Энгийн асуудал хүртэл зөрчил тэмцлийн хэмжээнд очиж шийдэгдэх шаардлагатай болж магадгүй. Хийж байгаа бүхэн нь хэрүүл маргаан, үл ойлголцол дагуулж гудамжинд өдөр бүр янз бүрийн эвсэн нэгдсэн хүмүүс лоозон барин жагсах нь юуны учир вэ гээд хүн бүр дотроо бодож байгаа. Харин миний зүгээс  ерөнхий сайд хүн Дашзэвгэ, Найман гэгээн айлтгуулж, огторгуйн үүдийг хаалгах шаардлагатай. Энэ хүний ажил үйлсийн хэлхээ холбоо, урсгалыг жилийн өмнө хатуу үйлээр хаасан гэж буудаг. Аливаа ажил үйлс, айлын амьдралын амин сүнс болсон зүйлс нь устаад ирэхээр бүх юм нь зэрэгцэж дордоод эхэлдэг.  Энэ төр засаг дотор  маш их явуулга байна. Өнөөдөр социализмын үе шиг шашин шүтлэг хаалттай биш болсон. Хэн дуртай нь шашинг шүтэж, шашны зан үйлээр ажил амьдралаа цэгцэлж яваа гэдэгтээ итгэл үнэмшилтэй, сэтгэл санаа нь амгалан тайван олон хүн бий. Тэгэхээр би төрийн түшээдийг С.Зориг агсны золгүй үхлээр эхэлсэн улс төрийн аллага, эх орон газар шороогоо гэж явсаар хальсан шударга улс төрчид, цаг бусаар золгүй тохиолдлоор өөд болсон төрийн ноёдын тасралтгүй үргэлжилсэн эдгээр үхлүүдийн үүд хаалгыг хаалгаж өөрсдийгөө улмаар ард иргэдээ эрсдэлээс хамгаалаач гэж хэлмээр байна.  Төрийн ордонд төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шарын шашны үйлийг хийхэд болохгүй гэх газаргүй. Тэртэй тэргүй хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хамба лам маань байж байна. Шуудхан хэлэхэд гахай жилийн заслаа хийлгэхгүй бол улсын баяраас өмнө зургаан сарын сүүлчээр засгийн газар унана. Үг нийлсэн, аман тохироо  төлөвлөгөөнүүд аль хэдийн биежээд эхэлчихэж. Энэ хамгаалалтгүй сул яваагийн нөлөөгөөр ерөнхий сайдад өөрөө суудлаасаа огцрох бодол төрнө. Ер нь бол У.Хүрэлсүхийг унагах төлөвлөгөө нам дотор нь аль хэдийн эхэлсэн, наадмаас өмнө засгийн газар огцрох магадлалтай.

-С.Зоригоос аллагаас эхлэлтэй золгүй явдлуудын учир шалтгаан төрийн ордонд байна гэж та үзэж байна уу?

-Тийм ээ. Шашны хэлээр бол төрийн ордонд хагацлын үүд хаалга нээгдээд он удаан жил болсон. Хэдийгээр хувь хүн тус бүртээ, гэр орондоо засал номоо хийлгэж шүтдэг залбирдаг уул ус, шашны төлөөлөгчдөө даатган мөргөж яваа ч төрийн энэ их гэрт хэн ч энэ талаар анхаарлаа хандуулахгүй байна. Ийм учраас 76 гишүүн ажил хэргээ явуулж байгаа төрийн ордныхоо үхэл хагацлын үүдээ хаалгах хэрэгтэй гэж бууж байна. Ерөнхийлөгчийн шашны зөвлөх гэж хүн байгаа. Нийлээд нэгдээд энэ үйлийг заавал хийх шаардлагатай. Нөгөө талаас газар лусаа сайн тахиж хамгаалж чадахгүй байна. Ганцхан жишээ хэлэхэд Богд уул цаасан дээр тусгай хамгаалалттай гэж байгаа боловч дуртай ноён нь газрыг нь ухуулж байгаа. Ард иргэд үнийг нь дийлэхгүй байр сууц, үйлчилгээний тансаг газрууд барьсаар л байна. Төрийн гурван өндөрлөг улс орны гэрийн эздийн хувьд эх орноо, ард иргэдээ, эрх баригчидаа муу муухай бүхнээс хамгаалж явахын тулд уламжлалт шашин соёлоо төрийн үйл хэрэгтэйгээ эн зэрэгцүүлэн авч явах хэрэгтэй. Иргэд нь, эх орончид нь, төрийн алба хаагчид нь цаг бусаар амиа алдахад гуулин хөгжим үлээж сүр дуулиантай эцсийн замд нь үдэж, эгэл ардынхаа ар гэрт байр сууц бэлэглэх нь асуудлын шийдэл биш. Цаад ур урхаг, муу дагаварыг нь арилгаж байж л сайн сайхан цагийг бид үзнэ. 

-Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн талаар та юу хэлэх вэ?

-Хэл амтай тэр тойрогт гарах хүн нь гарна. Гэхдээ Ерөнхий сайд хүн бол биш.

-Хэдхэн хоногийн өмнө төрийн түшээ байсан улс төрийн намын дэд дарга төрийн ордонд золгүй байдлаар амь насаа алдлаа. Энэ явдлын талаар та юу хэлэх вэ?

-Улс төртэй холбоотой үйлдэл. Үүнийг цагдаа шүүхийнхэн нь сайн шалгаж, хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй ажиллавал илэрч гарч ирэх боломжтой байна.

С.Наран




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө