Үндсэн хуулийн дунд суудлын өчигдрийн хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэн. Харин Хэнтий аймагт нөхөн сонгууль зарласан тов болон нөхөн сонгуулийн зардлыг шийдсэн тогтоолыг хууль зөрчсөн хэмээн үзсэн юм.
Энэ асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “УИХ энэ асуудлыг хүлээж авсан ч, эс хүлээж авсан ч энэ сонгууль явагдахгүй. Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явагдах боломжгүй. Хүлээж авахгүй бол цэц их суудлаараа шийдвэрээ баталгаажуулна. Тэгэхээр аль ч шатанд сонгууль явагдахгүй нөхцөл үүслээ.
Бүх ард түмний эрх ашгийг дээдэлдэг Үндсэн хуулийн цэц Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийн эрх ашгийг дэвсэлж хаялаа. Эрх баригч талынхан сөрөг хүчин рүү наах гэж оролдож байна. Бид шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Улс төрийн хариуцлахгүй шийдвэр гаргачихаад сөрөг хүчин рүү нялзайдаг ичгүүргүй үйлдлээ болих хэрэгтэй. Үндсэн хуулийн манаач байх учиртай Үндсэн хуулийн цэц олонх болсон улс төрийн хүчин, албан тушаахлтнуудын захиалгыг гүйцэтгэдэг байгууллага болжээ” хэмээн шүүмжиллээ.