Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд гал гарсны улмаас байшин, гражинд байсан машин шатсан хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө 04.42 цагт гарчээ. Тодруулбал, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид 04.50 цагт очиж, 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 5х4 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг болон Приус-20 загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ.
Мөн энэ өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 285 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 231 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас долоон хүн гэмтэж бэртсэний 2 хоёр нь бага насны хүүхэд байжээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Хүннүгийн гудамж, Саруул хотхоны хойд замд 16.00 цагийн орчимд Hyundai Starex маркийн автомашины жолооч явган зорчигч 14 настай, эмэгтэй Ш, 10 настай, эмэгтэй Ш нарын хоёр хүүхдийг мөргөсөн байна. Азаар хүүхдүүд хүнд бэртээгүй бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хүүхдүүдийг хараад машинаа зогсоох гэсэн боловч халтирч очоод мөргөсөн гэдгээ жолооч хэлсэн байна.
Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг тээврийн хэрэгслийнхээ бүрэн байдлыг хангах буюу нэн түрүүнд нь өвлийн дугуй тавих хэрэгтэй хэмээн анхааруулж буй.