УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан МАХН-ын цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга: “Энэ УИХ ажлаа хийж чадахгүй байна. ҮХЦ ажлаа хийж чадахаа больсон байна. Хэнтий аймгийн нөхөн сонгууль нэг нам, нэг нэр дэвшигчээс айж болилуулж байгаа нь монголчуудын сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа үйл явдал боллоо”
Доктор н.Мөнхсайхан: “ҮХЦ бол онолын шүүх гэсэн хэллэгийг ҮХЦ-ийн дарга гаргалаа. ҮХЦ бол Үндсэн хуулийн баталгаа. Гэтэл хэнд эрхзүйч нараар гомдол гаргаад танин мэдэхүйн асуулт асууж, дөрвөн цаг хуралдаж хуулийг гуйвуулсан асуудал боллоо”
МАХН-ын дарга Н.Энхбаяр: “ҮХЦ-ээс ийм хууль бус шийдвэр гарч магадгүй гэж харж байлаа. Гэхдээ ҮХЦ хуулиа дээлдэх байх гэж харсан. МАН тодорхой хүмүүст даалгавар өгч ҮХЦ-ээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. ҮХЦ жүжиг тоглолоо. ҮХЦ онолын шүүх боллоо. Германы Үндсэн хуулийн цэц онолын шүүх байдаг. Онолоороо явбал ард түмний сонгох эрх байдаг. Гэтэл ард түмний сонгох эрхэнд халдлаа. Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан. МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. ҮХЦ-ийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах.
-Та нэр дэвшихэд ялах магадлал өндөртэй юу?
-Би сайн хэлж мэдэхгүй. Хэнтийн ард түмэнд л сонгох эрхийг нь олго. АН өчигдөр Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлсэн. МАН Хэнтийг боловсролын газрын дарга н.Мөнхцэцэг гэж эмэгтэйгээ дэвшүүл, тэрэнд зориулж хууль өөрчилсөн. Тэгээд өрсөлдье" гэлээ.