УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдсан байна. Тус хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр дахь хэлэлцүүлгийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан УИХ-ын сонгуулийг олонхийг төлөөлөл болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулна.
Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчдийн төлөө саналаа өгнө гэсэн заалтыг нэмэхийг ажлын хэсгийн гишүүд бүгд дэмжсэн байна.
Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх хуваарьтай байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор 2024 оноос хийх боломжтой талаар тус төслийг санаачлагч УИХ дахь АН-ын зөвлөлд мэдэгдээд буй билээ.