Б.Билгүүн: Надтай адилхан хүүхдүүд минийх шиг "робот гартай" болоод мөрөөдөлдөө хүрээсэй гэж хүсдэг

Б.Билгүүн: Надтай адилхан хүүхдүүд минийх шиг "робот гартай" болоод мөрөөдөлдөө хүрээсэй гэж хүсдэг

Өөрийнх мөрөөдөл хүслийн тухай асуухад, "Би ирээдүйд олимпын аварга болох том зорилго, мөрөөдөлтэй. Мөн надтай адилхан хүүхэд бүр минийх шиг хөдөлдөг робот гартай болоод дуртай зүйлсээ чөлөөтэй хийгээсэй гэж хүсэж байна" хэмээх бяцхан хүүг Б.Билгүүн гэдэг. Таеквондо хөгжлийн төвийн тамирчин бөгөөд ирээдүйн нэгэн итгэл найдвар нь хэмээн багш нь түүнийг онцолж байсан юм. Учир нь түүнд тамирчин хүнд байх ёстой зан чанар, дайчин байдал илэрхий байдаг аж.

Өдгөө дөнгөж 11 настай. Гал цогтой, энгэрээрээ дүүрэн медальтай. Инээмсэглэл тодруулж, спорт өөрийг нь дэмждэг гэр бүл, найзуудаа ярих ийм нэгэн тамирчинтай бид энэ удаа ярилцлаа.

ВИДЕО: 

-Сайн байна уу. Юуны түрүүнд манай үзэгч, уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Б.Билгүүн гэдэг. Би 11 настай. Таеквондо хөгжлийн төвийн тамирчин байна.

-Яагаад таеквондогийн спортыг сонгож, хичээллэх болсон бэ?

-Миний ойлгож, суралцаж буйгаар таеквондогийн спорт бүх юмыг зааж өгдөг. Хүндлэх, тэвчээртэй байх, боловсон зан гэхчлэн. Мөн над шиг ийм гартай хүүхдүүдэд өшиглөх нь нэлээн таалагддаг. Хөлийн спорт болохоор гоё санагддаг.

-Чи хэр өндөр өшиглөж чадах уу?

-Би өөрийнхөө толгой хүртэл өшиглөх юм даа. /инээв/ Миний толгой хүртэл 150 орчим см өндөр.

-ААВ, ЭЭЖ НАМАЙГ МАШ ИХ ДЭМЖДЭГ. ЮУ Ч БАЙСАН БОЛГОНО ГЭЭД Л БОЛГОДОГ ДОО-

-Ах эгч эсвэл дүү байгаа юу?

-Байгаа. Би айлын том хоёр дүүтэй. Манай бага дүүг Б.Эрхсаран гэдэг. Удахгүй нэг нас хүрэх гэж байгаа. Манай дунд дүүг Б.Амирлан гэдэг.

-Хоёр дүү нь чамайг дэмждэг үү?

-Дэмжинэ.

-Тулалдахыг нь хараад уу?

-Тийн.

-Гэр бүлээс нь хамгийн их дэмдэг нь хэн нь бэ?

-Мэдээж манай аав, ээж хоёр байлгүй яах вэ. Аав, ээж хоёр аймар дэмжинэ. Тэгээд утсаар яриад "Янз бүрийн мөнгө хэрэгтэй байна уу. Асуудал байна уу" гээд л юу ч байсан шууд дэмждэг. Болгоно, бүтээнэ гээд л дандаа л хажууд дэмжээтэй.

-Тэмцээнийг нь очиж үздэг үү?

-Хамгийн анхны тэмцээнийг маань л ирж, үзэж байсан. Бусад дээр нь ирээгүй ээ. Гэхдээ дэмжээд л байж байсан.

-ХҮЧНИЙ ДАСГАЛ ХИЙХЭД ХЭЦҮҮ САНАГДДАГ Ч ӨШИГЛӨХ БОЛОН БУСАД ТЕХНИКҮҮДЭЭ ХИЙХЭЭР ГОЁ БОЛЧИХДОГ-

-Ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?

-Багш болно шүү дээ. /инээв/

-Юуны багш болох уу?

-Таеквондогийн багш.

-Ойрын хамгийн том зорилгоо хуваалцвал?

-Ойрын зорилго гэвэл хар бүстэй болох. Бас хичээлээ сайн давтаж, онц сурдаг болно оо.

-Таеквондогийн юу нь чамд хамгийн гоё санагддаг вэ?

-Бүх зүйлс нь сайхан. Хүчний дасгал хийж байхад жаахан хэцүү ч гэсэн яг өшиглөлт болон янз бүрийн техникүүдээ хийхэд гоё санагддаг. Бас би жаахан байхдаа хичээллэж эхэлсэн болохоор тэр үед надад сунгалтууд нь хөгжилтэй санагдаад таалагддаг байсан юм.

-ХӨЛ ӨВДӨӨД "ЗА ОДОО ЧАДАХГҮЙН" ГЭЭД ЭРГЭЭД ХАРСАН. НАЙЗУУД ДЭМЖЭЭД ОРИЛЖ БАЙСАН БОЛОХООР ШҮДЭЭ ЗУУЖ БАЙГААД Л ЯЛСАН-

-Хамгийн гоё тэмцээн нь ямар тэмцээн байсан бэ?

-Улсын аваргын тэмцээн байна. 2022 онд Өвөрхангай аймагт болсон Таеквондогийн улсын аварга. Энэ хамгийн гоё нь байсан. Клубийнхээ тамирчидтай анх удаа ингэж явж үзсэн юм л даа.

-Тэмцээний үеэр болж байсан мартагддаггүй. Гоё дурсамж байдаг уу?

-Байгаа.

-Яг юу болж байсан бэ?

-Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр байсан юм. Тэр тулаан дээр би нэг ялаад хоёр дахь тулаан дээрээ тулалдаж байхдаа бие бие рүүгээ толичая өшиглөлтийг зэрэг гаргаад өвдгөө мөргөлдүүлсэн. Тэгээд хоёулаа өвдгөө бариад л тэр үед аймар өвдөж байгаа юм. Тэгээд "аа" гэж орилоод бараг уйлаад нулимс өөрийн эрхгүй цийлгэнэж гоожсон. Тэгээд "За одоо барахгүй байх аа" гээд эргээд харсан. Найзууд үзэгчдийн суудал дээр зогсчихсон. Мит гэдэг миний өшиглөдөг юмыг бариад Билгүүнээ, Билгүүнээ тас тас тас тас. Билгүүнээ, Билгүүнээ тас тас тас тас гэж дугаргаад "Чи чадна аа" гээд орилж байсан. Тэгээд би шууд "заазаа ялна аа" гээд тулалдсан. Тэгээд ялсан даа.

-Бусад медалиудаа хаанаас авч байв. Онцгой гэсэн медалиудаа танилцуулаач?

-Миний хамгийн анхны медаль Хурдан өшиглөлтийн тэмцээнийх байсан. Дараа нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд хүрэл медаль авч байсан. Дараа нь энэ клубээс анх удаа медаль авч үзсэн.

-ТАЕКВОНДОГООР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГААД ИРЭЭДҮЙД ОЛИМПЫН АВАРГА БОЛНО ГЭСЭН ТОМ ЗОРИЛГОТОЙ-

-Зорилго, мөрөөдөл нь юу вэ?

-Би Таеквондогоор хичээллэж байгаад ирээдүйд олимпын аварга болно. Тийм том зорилготой явж байна. Дээрээс нь надад нэг хар гар байдаг. Хөдөлдөг робот гар. Над шиг гаргүй хүүхдүүд яг тийм гартай болоод өөрсдийн мөрөөдлөө биелүүлээсэй. Тэднийг сайхан байгаасай гэж хүсэж байна.

-Тэмцээндээ орохдоо робот гараа зүүдэггүй харагдсан. Тэгэхээр энэ гар чамд хүч биш урам өгдөг байх. Тийм үү?

-Тийм ээ. Би яг тэр мэдрэмжийг л бусад хүүхдүүд бас мэдрээсэй гэж хүсэж байгаа юм.


Тэр ярьж байхдаа үргэлж инээнэ. Ярилцах зууртаа хэдэнтээ яг над шиг ийм гартай хүүхдүүд хэмээн гар луугаа зангаж байв. Ингэхдээ эвгүй байгаа хандлага нэг ч гаргахгүй. Харин ч бусад хүүхдэд эрч хүч, хайр дамжуулж байгаа юм шиг. Түүний хүсэл эрмэлзэл, зорилгод гар нь яав ч саад болохооргүй санагдсан юм.

Б.Билгүүний талаар багш нь ярихдаа "Манай клубээс дэлхийд нэртэй тамирчин төрж байлаа. Одоо эд гялалзаж яваа. Би Билгүүнээг түүний залгамж халаа гэж боддог. Тэрэнд тамирчин хүнд байх ёстой нандин чанарууд бий. Энэ маш чухал зүйл. Тулаандаа робот гараа зүүж ордоггүй. Бүр бэлтгэлдээ ч авч ирэхгүй шүү дээ. Гэмтчихнэ гээд хайрлаж байгаа юм" хэмээсэн юм. Түүний багшийг Төмөрбаатар Билэгсайхан гэдэг. Таеквондо хөгжлийн төвийн багш, дасгалжуулагч ОУХМ хар бүс, дөрвөн дантай, олон улсын багш дасгалжуулагч зэрэгтэй Монгол улсын найман удаагийн аварга билээ. Мөн олон шавь өдгөө амжилтаар дүүрэн явна.

-Бидний ярилцлага ингээд өндөрлөж байна. Сүүлийн хормыг чамд үлдээе. Хэлэхийг хүссэн зүйлсээ чөлөөтэй хэлж болно шүү.

-Би талархал хэлмээр байна. Намайг өдий зэрэгт хүртэл дэмжиж, таеквондо гэдэг спортод явуулсан аав, ээждээ маш их хайртай шүү. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ дөрвөн медаль, ногоон бүсний зэрэгт хүргэсэн бүх багш нар, бүх тамирчдадаа, клубийнхээ бүх хүүхдүүдэд хайртай шүү, баярлалаа гэж хэлье.

-Бидэнтэй ярилцсан чамд баярлалаа.

-Та бүхэнд бас маш их баярлалаа.