"Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байсан иргэн лифтны хонгилд унаж нас барсан байсныг 19 хоногийн дараа олсон харамсалтай явдал өнгөрч зургаадугаар сард болсон билээ. Тус компани хяналтын камерын бичлэгээ ар гэрийнхэнд үзүүлэхгүй байсаар хугацаа алдаж, талийгаачийн илжирч, муудсан цогцосыг хүлээлгэн өгсөн тухай гэргий Б.Болороо нь өөрийн фэйсбүүк хуудсаараа олон нийтэд хандан мэдээлж байсан. Шүүх эмнэлгээс талийгаачийг их хэмжээний согтолттой байсан гэх дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлт нь хэргийг хаах үндэслэл болоод байгаа аж. Харин талийгаачийн гэргий Б.Болороо эмгэнэлт явдал гарах үед нөхрийгөө согтуу байсан гэдгийг үгүйсгэж, хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардан Сүхбаатарын талбайд суулт зарласан билээ.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая өөрийн биеэр Сүхбаатарын талбайд ирж, иргэн Б.Болороотой уулзлаа. Энэ үеэр Б.Болороогийн тавьж байгаа гурван шаардлагыг хүлээн авч, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг өгсөн байгаа талаар дуулгалаа.
Иргэн Б.Болороо шаардлагыг нь хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр ирж мэдэгдсэн учраас Сүхбаатарын талбайд зарласан тэмцлээ зогсоож байгаагаа мэдэгдэв.
Тэрбээр Ерөнхий сайдын дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “Өнгөрсөн долоо хоногт хөдөө орон нутгуудаар ажилтай явж байгаад өнөөдрөөс уг асуудалд анхаарал хандуулж байна гэсэн. Мөн асуудлыг хариуцаж байгаа ЦЕГ-ын дарга Баатаржав даргатай хамт гараад ирлээ. Ер нь ээж бид хоёрын тавьж буй хоёр шаардлагыг хоёуланг нь хүлээж авч байна. Үүн дээр уг хэргийг дахин шинээр улсын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү татсан. Үүн дээр үндэслээд бүх хэргийг нарийвчлан шалгаад, ажлын хэсэг байгуулаад явъя гэлээ. Мөн Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах асуудалд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй, хөндлөнгийн оролцоотой дүгнэлт гаргуулъя гэдэг асуудал хэллээ. Ээж бид хоёрын 10 хоног доороосоо жиндэн байж суусан суултын үр дүн сайхан гарлаа. Миний харж буйгаар Ерөнхий сайд гарч ирснээрээ асуудал шийдэгдсэн гэж харсангүй. Ямартай ч эцсийн үр дүн ямар гарах вэ гэдгийг л харах үлдлээ. Харин тавьсан хоёр шаардлагыг минь хүлээж авлаа" гэлээ.