Өнөөдөр /2019.11.11/ Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын хүмүүсийг БНСУ-ын иргэнийг залилсан гэх асуудлаар шалгагдаж байгаа эсэхийг лавлахад “Шалгагдаж байгаа” гэж хариуллаа.
Хэргийг тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнээс гурван сая ам долларыг залилан мэхлэх аргаар авч, мөн сонгуулийн сурталчилгаандаа 700 мянган ам.долларын хандив нэхсэн асуудал нэлээд эртнээс яригдаж байна.Тухайн үедээ хохирсон гэх солонгос иргэн хууль хяналтын байгууллагад гомдол, мэдүүлэг гаргаж байсан ч хэрэгсэхгүй болж, мартагдах тийшээ хандаж байв. Тэгвэл саяхан буюу өнгөрөгч есдүгээр сарын 11-нд тухайн иргэн манай улсад ирж, АТГ-т мэдүүлэг өгч, өргөдлөө өгөөд буцсан тухай эх сурвалж мэдээллээ.