Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа хийж, хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл өглөө.
-ЗТХЯ-НЫ САЙД АСАН Д.ГАНБАТ, ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН Д.ДОРЖХАНД НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛСЭН-
АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү:
-“2019 оны эхний 10 сарын байдлаар 326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шалгаж, хуульд заасан зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: Дөрвөн албан тушаалтанд сануулах, 21 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, хоёр албан тушаалтанд албан тушаал бууруулах, найман албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.
Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 631 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, эсхүл олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцөлийн талаар анхааруулсан зөвлөмж бүхий 46 албан бичиг хүргүүлсэн. Энэ хүрээнд долоон албан тушаалтанд сануулах, 23 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, дөрвөн албан тушаалтанд албан тушаал бууруулах, гурван албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.
Олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох 11 хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдах боломжтой. Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.
Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, “ДЦС-2 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ.
-АТГ-Т БАЙГУУЛЛАГЫН НЭР БАРЬЖ, ТЕНДЕРТ ДЭМЖЛЭГ ХҮСЭХ, АЖИЛД ОРУУЛАХЫГ ХҮССЭН ТОХИОЛДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА-
АТГ-т ажилладаг, ажиллаж байсан гэх мэтээр байгууллагын нэр барьж, тендерт дэмжлэг хүсэх, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулахыг хүссэн тохиолдлыг ажилд оруулахыг хүссэн тохиолдлыг дотоод хяналтаараа илрүүлэн харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Түүнчлэн төрийн албан хаагчид нэгнийгээ АТГ-аас дуудаж байгаа мэтээр утсаар ярьж ирүүлсэн асуудал ч гарсан. Тиймээс иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна манай албан хаагч нарын нэр барьсан энэ мэт хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна” гэв.
Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгөв.
-ЖДҮХС-ийн асуудлаар шалгагда байгаа найман гишүүн байгаа гэх мэдээллийг өгөхгүй юу?
-ЖДҮХС-ээс зээл авч өндөр хүүтэй банк бус санхүүгийн байгууллагад их хэмжээний мөнгө байрлуулсан гэх асуудал шалгагдаж байна. Ингэхдээ бага хүүтэй зээл аваад өндөр хүүтэй банкинд байрлуулж дундаас нь ашиг олсон гэх асуудал байгаа. Гэхдээ найман гишүүн биш юм. Харин албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтны 11 хэрэг шалгагдаж байгаа. Мөн энэ хэрэг мөнгө угаах хэрэгт холбогдохгүй байгаа. Яагаад гэхээр зээлийг зориулалтын бусаар ашигласан гэх асуудал яригдаж байгаа. Мөн албан тушаалаа урвуулаа ашигласан гэх хэрэг тусдаа шалгагдаж байгаа.
-Хаагдсан хэргийн талаар?
-Портуна Г.Батбаярын хэрэг манайхаас яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дуусан учраас хэрэг хаагдсан гэх мэдээлэл ирсэн.
-Шүүгч нарыг шалгах ажиллагаа ямар шатанд явж байна вэ?
-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 17 шүүгчийн асуудал байдаг гээд байдаг ч яг мөнгөний ордтой холбоотой зургаан шүүгчийн асуудал яригдаж шалгагдаж байгаа. Харин үлдсэн есөн шүүгчийн асуудал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгагдаж байгаа.