Сүхбаатар аймаг өвөлжилт хүндэрч буй сумдад нутаглаж буй аргаль хонинд өвс тэжээл тавьж өгчээ

Сүхбаатар аймаг өвөлжилт хүндэрч буй сумдад нутаглаж буй аргаль хонинд өвс тэжээл тавьж өгчээ

Сүхбаатар аймгийн БОАЖГ, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран тус сумын Нартын ууланд нутаглаж байгаа аргаль хонинд өвс тэжээл тавьж өгчээ.

Уг ажлын хүрээнд 20 боодол өвсийг дөрвөн цэгт байрлуулж биотехникийн арга хэмжээг авсан байна. Нартын ууланд 2000-аад оноос аргаль нутаглаж өдгөө 40 орчим болж үржжээ.

Түүнчлэн Дарьганга сумын нийт нутгаар цас ихтэй, дахин цас нэмж орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Ийн өвөлжилт хүндэрч, бэлчээрийн хомсдол үүсвэл зэрлэг ан амьтад өвс тэжээлийн дутагдалд орох эрсдэл өндөр байгаа аж.Энэ онд Сүхбаатар аймгийн БОАЖГ биотехникийн арга хэмжээнд зориулж байгаль хамгаалах нөхөн сэргэх зардлаас 10 орчим сая төсөвлөжээ. Улмаар нийт 500 боодол өвс, таван тонн хужир шүүг таван сумын нутагт тархсан биологийн ховордсон төрөл зүйл болох аргаль хонь, халиун бугад тавьж өгөхөөр нөөцөлсөн байна. Ингэснээр ховор ан амьтдын хорогдол гарахаас сэргийлэх, төл бойжилтод эерэг нөлөө үзүүлэх, ан амьтдын шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.