Хахууль авсан АТҮТ-ийн салбарын удирдах албан тушаалтан “Д”-д холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Хахууль авсан АТҮТ-ийн салбарын удирдах албан тушаалтан “Д”-д холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны арванхоёрдугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 54 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 34 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 749 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт таван хэргийг шүүхэд шилжүүлэх, хоёр хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 740 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн нэг хэрэгт 24 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.  

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  •  “Б” нь Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан зэрэг гэх;
  •  Авто тээврийн үндэсний төвийн салбарын удирдах албан тушаалтан “Д” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан гэх;
  •  Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний удирдах албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон  гэх;
  •  Төв аймгийн сумын ИТХ-ын удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  •  Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтан “Б”, “О” нар нь бусдаас 100.000.000 төгрөгийг хахуульд авсан гэх.



Өнөөдөр могой өдөр

11 цагийн өмнө