"Үүрд хадгалагдаж үлддэг дурсгалын цом нь улсын заан Б.Бат-Өлзийд хадгалагдаж байгаа" гэж ЕТГ-аас мэдэгджээ

"Үүрд хадгалагдаж үлддэг дурсгалын цом нь улсын заан Б.Бат-Өлзийд хадгалагдаж байгаа" гэж ЕТГ-аас мэдэгджээ

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлсэн. Түүнд Ерөнхийлөгчийн цомыг гардуулах гэсэн боловч Ерөнхийлөгчийн Тамгын газар цомоо хийлгэж амжаагүй учраас улсын заан Б.Бат-Өлзийд үүрд хадгалуулсан цомыг буцааж авсан гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас тайлбар өгчээ. Тодруулбал, 

  1. Үүрд хадгалагдаж үлддэг дурсгалын цом нь улсын заан Б.Бат-Өлзийд хадгалагдаж байгаа болно.
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны үндсэн цом нь журмын дагуу шилжин явдаг цом юм.
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд хоёр удаа түрүүлсэн бөхөд цомыг үүрд хадгалуулна гэдэг үг үсэг дүрэм журамд огт байхгүй болно.
  4. Үндсэн цомоос гадна үүрд хадгалагдах дурсгалын цом гэж байдаг. Тэрхүү дурсгалын цомыг түрүүлсэн бөхөд үүрд хадгалуулдаг журамтай. /Одоо цахим орчинд гараад байгаа үүрд хадгалуулав гэдэг үгтэй батламж бол тэрхүү цомыг дагалдан очдог батламж юм/
  5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд 2 удаа түрүүлсэн 3 бөх байна. Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан, Монгол Улсын заан Б.Бат-Өлзий гэсэн гурван бөх. Эдгээр бөхчүүдийн хэнд ч журмын дагуу үндсэн цом үүрд хадгалагдаж үлдээгүй болно.
  6. Энэ жилээс эхлэн бөхчүүдээс гаргасан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд 3 удаа түрүүлсэн бөхөд үндсэн цомыг үүрд хадгалуулахаар журамд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлттэй уялдан нэг шинэ цом хийлгэсэн нь одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хадгалагдаж байна. Жич: Гурав дахь зураг бол 2018 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлсэн бөхөд үүрд хадгалуулсан дурсгалын цом болно.