Саяхан иргэн Ц.Пүрэвдорж цагдаагийн алба хаагчид бусдыг шалгахдаа эрүү шүүлт тулгадаг, хэрэг тохох үйлдэл хийдэг гэх асуудлаар олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллага иргэнээс мэдүүлэг авахаар дуудан ирүүлэх талаар хуулинд хэрхэн зохицуулсан байдаг талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодруулсан юм.
-МӨРДӨГЧИЙН ДУУДСАНААР ХҮРЭЛЦЭН ИРЭЭГҮЙ НЬ АЛБАДЛАГА ХЭРЭГЛЭХ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ-
-Цагдаагийн байгууллага аливаа хэргийн гэрч хохирогч, яллагдагч зэрэг хүмүүсээс мэдүүлэг авахаар дуудан ирүүлэхдээ ямар журмаар дуудах ёстой вэ? Прокуророос зөвшөөрөл авдаг уу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар хэрхэн дуудан ирүүлэх талаар зохицуулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч эсхүл прокурорын мэдэгдэх хуудсаар, шүүхийн шатанд шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудаж болно.
-Мөрдөгч дуудан ирүүлэх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх ажиллагаа хоорондоо ялгаатай юу, хууль зүйн хувьд ямар үр дагавартай байдаг юм бэ?
-Прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг албадан ирүүлэх, яллагдагчид бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болно. Харин мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй нь албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан байдаг. Тэгэхээр тухайн оролцогчийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол мөрдөгч прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх саналаа прокурорт гаргаж шийдвэрлүүлнэ. 2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх зохицуулалт шинээр орсон бөгөөд хүний халдашгүй байх эрхийг хангах баталгаа болсон, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чухал зохицуулалт юм.
-Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрхэн шийдвэрлэх вэ?
-Прокурор мөрдөгчийн санал, холбогдох хэргийн материалыг хянаад үндэслэлгүй гэж үзвэл саналыг хүчингүй болгоно. Энэ оны 10 дугаар сарын байдлаар прокуророос нийт 14263 дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас бичсэн байна. Үүнээс 41 хувь буюу 5861 нь мөрдөгчийн гаргасан саналын дагуу бичсэн дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас байгаа бол бусдыг нь прокурор өөрийн санаачлагаар дуудсан байна. Дээрх хугацаанд прокуророос мөрдөгчийн саналыг хүлээн аваагүй, хүчингүй болгосон тохиолдол гараагүй байна. Прокурор зөвхөн мөрдөгч санал гаргахыг хүлээгээд суухгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэт явуулах үүднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн санаачлагаар шаардлагатай оролцогчдыг бас дуудан ирүүлдэг.
-Прокуророос мөрдөгчийн саналыг шуурхай шийдвэрлэхгүй, явдал чирэгдэл учруулсан тохиолдол байна уу?
-Прокурор мөрдөгчийн саналыг аль болох хурдан шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажилладаг. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан заавар, журам, чиглэлийн дагуу нийслэлийн хэмжээнд ажлын бус өдрүүдэд бол жижүүрийн прокурор тогтмол ажиллуулж, орон нутагт мөрдөгч санал гаргасан даруй шийдвэрлэж ажиллаж байна. Судалгаанаас үзвэл 5474 саналыг даруй буюу 24 цагт, 387 санал буюу 7 хувийг 24 цагаас дээш хугацаанд хянаж шийдвэрлэсэн байна.
-Иргэн Ц.Пүрэвдорж хэвлэлийн хурал хийж Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэр бүхий мөрдөгчийг хууль бусаар дуудаж, эрүү шүүлт тулгасан талаар ярьсан. Энэ асуудалд прокурорын байгууллагаас хяналт тавьж байгаа юу?
-Иргэн Ц.Пүрэвдоржид эрүү, шүүлт тулгасан гэх асуудлыг харьяа мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаар шалгуулахаар шилжүүлээд байна. Энэ асуудалд холбогдох, хууль журамд заасны дагуу хяналтаа тавьж ажиллаж байна.