АН-аас 4/11 хэмээх хэвлэлийн хурлыг долоо хоног бүрийн Пүрэв гаргийн 11:00 цагт хийгээд бараг 10 жил болж буй. Харин өдгөө тус нам хоёр хуваагдаж С.Эрдэнэ, Х.Баттулга нар өөрсдийгөө “АН-ын дарга” гэж нэрлэж байгаа ч, Улсын дээд шүүхээс “АН одоогоор даргагүй байгаа” гэсэн тогтоолыг гаргасан.
Тэгвэл С.Эрдэнэ нар "АН-ын 4/11" хэмээн нэрлэх хэвлэлийн хурлыг төрийн ордонд хийдэг болоод байна. Үүний цаад учир нь С.Эрдэнийн эзэмшлийн “Шонхор таур”-т гэх байшинд зарласан хэвлэлийн хурлыг нь ихэнх сэтгүүлчид очиж сурвалжлахгүй байгаатай холбоотой юм.
Товчхондоо, С.Эрдэнийн АН-ын улс төрийн акц, хэвлэлийн хурлыг нь хэвлэлүүд тоохгүй болохоор нь тэрээр Төрийн ордонд ажиллаж буй сэтгүүлчдийг бараадан хэвлэлийн хурал хийдэг болжээ. Өнөөдөр /2022.12.28/ тэрээр С.Эрдэнийн АН-тай МҮАН нэгдсэн талаар хэвлэлийн хурал хийсэн байна.
Гэтэл Монгол Улсын Төрийн ордонд хэн дуртай нь хэвлэлийн хийгээд байх зохицуулалтгүй. Тодруулбал, Төрийн ордны тухай хуулийн 5.1-д “Төрийн ордон халдашгүй дархан байна” гэж зааж, мөн хуулийн 4.1-д “Төрийн ордонд Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, тэдгээрийн Тамгын газар, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус тус байрлаж үйл ажиллагаагаа явуулна” гэж заажээ. Товчхондоо, эдгээр байгууллагууд л Төрийн ордонд үйл ажиллагааныхаа талаар нийтэд нээлттэй хэвлэлийн хурал хийж болохоос, хэн дуртай нь Төрийн ордонд нэвтэрч, хэвлэлийн хурал хийгээд явна гэсэн үг биш ажээ.