Авлигатай тэмцэх газраас арваннэгдүгээр сарын 30-ны өдөр /2022.11.30/ МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг 2020-2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө оруулгын мэдүүлгийг хянан шалгаж зөрүүтэй худал мэдүүлсэн нь тогтоогдож, хариуцлага тооцох албан бичгийг тус МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүхэд явуулжээ.
Тодруулбал, Иргэний зүгээс АТГ-т ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг үндэслэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын 2020-2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө оруулгын мэдүүлгийг хянан шалгажээ.
Хянан шалгалтаар дараах зөрчлүүд тогтоогдсон байна.
- МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн 2021 оны гуравдугаар сарын 05-ны 18 дугаар тогтоолоор А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлын албан тушаалд томилохдоо түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дах хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага /албан тушаалтан/ хүлээн авч АТГ-т хүргүүлэн” гэж заасныг
- Уг албан тушаалд томилогдсоноос хойш хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон ХОМ-ээ хугацаа хожимдуулж мэдүүлсэн нь авлигын эсрэг хуулийн 10 дүгээр 10.3 дах хэсэгт “Мэдүүлэг гаргагч ХОМ-ээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэж заасныг,
- Мэдүүлэг гаргагч нь “Тэнүүн марал” ХХК, “Такай дайсэй” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байгаа нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үлй ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гэж заасныг,
- Мөн мэдүүлэг гаргагч нь гэр бүлийн гишүүний дундын өмчлөлийн БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцын мэдүүлгийн “ Орон сууц, барилга байгууламж” хэсэгт, адуу борлуулсан орлогыг мэдүүлгийн “орлого” хэсэгт, өөрийн үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан “Экотэнцэл” ХХК-ийн мэдүүлгийн “компани, нөхөрлөл, хошуунд оруулсан хөрөнгө оруулалт” хэсэгт тус тус мэдүүлээгүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн арилжааны банканд эзэмшиж буй хадгаламж, харилцах данснуудын үлдэгдлийг мэдүүлгийн “хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт зөрүүтэй буюу худал мэдүүлсэн нь авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэгт “мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзжээ.