Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус хэргийн дотор Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын таван гишүүний хэрэг байгаа аж.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокуророос УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаад байсан бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан юм.
22.4 дүгээр зүйл. Хахууль авах;
4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
6.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих;
2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, “Эрдэнэс Монгол” ХХК “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой Хөгжлийн банкнаас авсан 170 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Үүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг холбоотой хэмээн яллагдагчаар татсан. Харин Ё.Баатарбилэг гишүүн нь "НВЦ" ХХК-тай холбогддог бөгөөд тус компани нь Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар нь "Вертекс майнинг партнерс” ХХК-д Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Ямартай ч Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх нь ээ.